Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 ХОНОГТ юу амжуулав?

Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл У.Хүрэлсүхээс Л.Оюун-Эрдэнэд шилжээд  100 хоног болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар  дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээ амласны нэн тэргүүнд цар тахлыг даван туулахын  тулд вакцин оруулж ирэн ААН-үүдийг  зогсонги байдлаас гаргах.   Өнгөрсөн 100 хоногт  Л.Оюун-Эрдэнийн засаг юу амжуулав гэдэг түүнээс  хамгийн түрүүнд асуух асуулт.

Нийслэлчүүдийн 92 хувь нь вакцины 1-р тундаа хамрагджээ 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ.

2021.05.09-ний байдлаар  нийслэлийн хэмжээнд I тунд 4619, II тунд 1594, нийт 6213 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны хүн амын 92.6 хувь буюу 882.900 нь I тунд, 51 хувь буюу 486.291 нь II тунд хамрагдаад байна.

3 хувийн зээлийг 1368 аж ахуйн нэгж, 7662 иргэнд  олгожээ 

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих цогц бодлого хэрэгжүүлэхээр 10 их наядын төсөл хөтөлбөр зарласан.  Уг хөтөлбөрийн гол зорилго нь цар тахлын үед эдийн засгийн хямралд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг хамгаалж үлдэх зорилготой.  Сангийн яамнаас мэдээлснээр  нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг 48442 иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн бөгөөд 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгж, 7662 иргэнд олгожээ.

Нөлөө талаас төсвийн алдагдлыг бууруулах, цалин тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаанд тавихын тулд татвар төлөгчдөө дэмжихээс аргагүй нөхцөл байдал үүссэн.  Зарим салбарынхан гэхэд бүтэн жил ажил орлогогүй суулаа. Тиймээс Засгийн газар эдийн засагтаа цус сэлбэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор 3.3 сая иргэн бүртээ Оюутолгойн “хишиг” болгож 300 мянган төгрөгийг тараасан.

Засгийн газар төрийн 516 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэлээ 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа   “Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно” гэж   онцолсон. 

Төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх, Иргэд олон нийттэй харилцах  11 11 төвийг  нэгтгэн   байгуулав.  Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг асуудлыг  шийдвэрлэнэ гэж үзэж байна.

 

 

“Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргав 

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргалаа.  Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргана. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийсэн байна.

Засгийн газар цаашид  Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэргээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалт руу шилжүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  онцлов.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулна 

Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу 233 км гол замын 201 км-ыг хийгээд байна.

Төмөр зам ашиглалтад орсноор дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлох, бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасах,  Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх,  байнгын 2,000 орчим ажлын байр бий болах, жилд 20-28 сая ам.долларын татвар төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногт хийсэн  ажлыг тоймлон багцлахад ийм байна. Харин иргэн та Засгийн газрын ажилд ямар үнэлгээ өгөх вэ?

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments