|

М.Баянмөнх, Д.Жүрмэддорж нар барилга улсын комисст хүлээн авахдаа 73 сая төгрөгийн ХАХУУЛЬ АВЧЭЭ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг түргэн шуурхай гаргуулах үүднээс 2021 оны арваннэгдүгээр сард хоёр удаагийн үйлдлээр нийт 73 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа.

Мөн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж гэх албан тушаалтан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын гишүүдийг гарын үсэг зуруулахын тулд бусдаас хахууль авсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна.

Түүнчлэн өөрт давуу байдал бий болгуулах зорилгоор дээрх албан тушаалтнуудын албаны чиг үүрэг, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгсөн байж болзошгүй иргэн Э-ийн үйлдлийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх эрхзүйн зохицуулалттай” гэлээ.

Хэргийг тодруулбал  НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нар  бусдаас хахууль авчээ.  Тэд Барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст хамт багтаж, нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа хахууль авсан байна.

Дашрамд дурдахад Мөнх-Үүрд овогтой Баянмөнхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/83 тоот тушаалаараа тус газрын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргын  үүрэгт ажлаас чөлөөлж Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилж байжээ.  Дараа нь буюу   2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/76 тоот тушаалаар  Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж НМХГ-ын  Тамгын газрын даргаар томилогдсон байна.

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments