|

Т.Батмөнх: Бид энэ цаг хугацаанд хийхгүй бол ирэх жилүүдэд хүндэрнэ шүү дээ

 Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч Эрдэнэт үйлдвэрт төдийгүй улс оронд хүндхэн нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, боломжит бүхий л арга хэмжээ авч ажиллан, өргөтгөл шинэчлэлийн төслүүдээ урагшлуулсаар байна.

Цаашид Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” Эрдэнэт үйлдвэрт хэрхэн тусгалаа олох талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэр маань 43 жил дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн найдвартай байдал, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна?  

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд, цаашлаад дэлхий дахинд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүндхэн нөхцөл байдал үүссэнийг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ үед Эрдэнэт үйлдвэр боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн, оновчтой зохион байгуулалт хийж, хөдөлмөрийн сахилга баттай, эв нэгдэлтэй ажилласнаар үйлдвэрлэлээ зогсоохгүй, сааруулахгүйгээр улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ. Үүнийг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд ч оны төгсгөлд сайн гарсан. Манай үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн 80 орчим хувь нь олон жил ажилласнаас элэгдэлд орсон байсан. 2017 оноос шинэчлэлийг, хөрөнгө оруулалтыг үе шаттай хийж хэрэгжүүлсэнээр техник, тоног төхөөрөмжийнхөө 30 хүртэл хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн найдварт ажиллагаа дээшилж, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагаа хангагдаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хүрсэн түвшинд хадгалаад зогсохгүй цаашид нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрийн ирээдүйд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих юм. Одоогийн байдлаар ТЭЗҮ боловсруулагдаж байна.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр баригдсанаар бид баяжмал биш металл экспортод гаргадаг болно. Өөрөөр хэлбэл үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд худалдана. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэнэ. Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогыг зургаан салбарт хэрэгжүүлсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн буюу улсын эдийн засаг хоёр дахин өснө гэж тооцоолсон. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьж байгуулах төсөл хэрэгжих нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдах учраас бид цаг хугацаа алдахгүй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрээ ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай.

-Эрдэнэтийн Овоо ордын уул геологийн нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үйлдвэрийг үр ашигтай ажиллуулахын тулд ямар шинэчлэлүүд хийгдэж байна? 

-Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрт хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шугам барих, НБХ-ийн хам баяжуулалтын 5 дугаар секцийн Хөвүүлэн баяжуулах хэсгийг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэрт агуулагдах металлын хэмжээ жилээс жилд буурч, хүдрийн хатуулаг нэмэгдэж байна. Энэ нь баяжуулалтад хүдэр бэлтгэх үйл явцын зардлыг өсгөхөд шууд нөлөөлдөг. Металлын агуулга буурч, үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдэж байгаа үед бид эцсийн бүтээгдэхүүний гарцыг хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор техник, технологийн шинэчлэлийг цаг хугацаатай  уралдан хэрэгжүүлэх ёстой.

-Цар тахлаас үүдэлтэй хил гаалиар нэвтрэх ачаа тээврийн эргэлт саатсантай холбоотой хүндрэл их гарав уу? 

-Бэрхшээлтэй асуудлууд үүссэн. Монгол Улсын Засгийн газар, холбогдох төр захиргааны байгууллагуудтай хамтран асуудлыг тухай бүрт нь шийдээд явж байна. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байна гээд өргөтгөл, шинэчлэлийг хойшлуулвал Эрдэнэт үйлдвэрийн үр ашиг буурч, Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм учраас тасралтгүй ажиллагаатай үйлдвэр ямар ч цаг үед шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж, хөгжлийн хурдаа барьж, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах ажлуудаа зэрэгцүүлж явдаг. Үйлдвэрлэлээ зогсоохгүйгээр өргөтгөл шинэчлэлийн ажлаа давхар хийдэг. Техникийн дэвшлийг нэвтрүүлж ашигласнаар ирээдүйн үйлдвэрлэлийн маань үйл ажиллагаа найдвартай, тасралтгүй явах нөхцөл бүрддэг. Бид энэ цаг хугацаанд хийж чадахгүй бол дараагийн үед ажиллахад хүндрэлтэй болно шүү дээ. Энэ жил хийснээрээ бид ирэх жил ажилладаг. Ирэх жил хийсэн юмаараа түүний дараагийн жил ажилладаг. Тийм учраас бид тасралтгүй эргэлдэх хүдрийн урсгалтайгаа уралдаж ажилладаг юм. Уурхайгаас олборлосон хүдэр 24-48 цагийн дараа үйлдвэрээс баяжмал болж гардаг. Хүдрийн үл тасрах энэ хурдаас хөгжлийн хурд хоцрох ёсгүй. Хорио цээрийн дэглэм тогтоосон, улс хоорондын хил хаасан шалтгаанаар үйлдвэрлэлээ зогсоох эрх бидэнд байхгүй. Тийм учраас нөөц бүрдүүлэх, худалдан авах үйл ажиллагаагаа сайжруулах, нийлүүлэлтээ хурдасгах чиглэлд Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид олон ажил санаачлан хэрэгжүүлээд байна. Том төслүүд маань ч хэрэгжээд явж байна. Цаг хугацааны хувьд хил гаалийн асуудалтай холбоотой саатал бий.

-Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд цогц өргөтгөл хийх шаардлага тулгардаг. Энэ талаар…?   

-Үйлдвэрт нэг нь нөгөөгөөсөө хамаардаггүй юм гэж байхгүй. Баяжуулах үйлдвэр боловсруулалтаа нэмэгдүүлэхэд уурхай олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай. Хүдэр олборлолт, боловсруулалт нэмэгдэхэд тэнд шаардлагатай цахилгаан болон усан хангамж сайжрах хэрэгтэй. Мөн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн, тээвэрлэлтийн шугамын нэвтрүүлэх хүчин чадал, хаягдлын сангийн багтаамж, эргэлтийн усны хэмжээ нэмэгдэх гээд бүгд нарийн уялдаа холбоо, тооцоо хамааралтай. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэхээр ажиллаж байна. Шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалт үе шаттай хийгдээд явж байна. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний гарцыг хэвийн хэмжээнд барьж, үйлдвэрлэлийн өөрийн өртөг буурна. Улмаар зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн үндэс суурийг тавина.

-“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор бүх худалдан авалт тендерээр явагддаг болсон нь зарим талаар ажил удаашрах шалтгаан болоод байх шиг харагддаг. Энэ талаар таны бодол…? 

-Уурхайчид бид хуулийг тайлбарлах эрхгүй л дээ. Харин хэрэгжүүлэх л үүрэгтэй. Худалдан авалтыг ил тод, өрсөлдөх тэгш боломжийг ханган 2019 оноос цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн худалдан авах ажиллагааны зарчимд нийцүүлэн “нэг цонхны бодлого”-оор холбогдох хууль, тогтоомжийн дагуу явуулж байна. Бэрхшээл байна уу гэвэл бий. Хууль эрх зүйн талаас нь шинэчлэлт, өөрчлөлт хийх үүрэг бүхий УИХ-ын гишүүд харж, мэдэрч ажиллаж байгаа гэдэгт итгэдэг. Хуулинд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар уламжлаад нэгтгээд өгч байгаа.

Худалдан авалтын ажиллагаа олон түмний хардалт, хэл ам дагуулдаг. Ажил, алба хашиж байгаа хүмүүсийг буруутгадаг, хилс гүтгэдэг үзэгдэл байсан. Эрдэнэт үйлдвэр цахим худалдан авалтыг 100 хувь нээлттэй зохион байгуулахад сайн талууд олон ажиглагдаж байгаа. Засаж сайжруулах шаардлагатай зүйл ч нилээд бий.

-Шинэ сэргэлтийн бодлого Аж үйлдвэрийн салбарт хэрэгжихдээ Эрдэнэт үйлдвэрт илүү тусгалаа олохоор харагдаж байгаа. 2030 оны Эрдэнэт үйлдвэрийг Та хэрхэн төсөөлж байна? 

-Бид Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрөө Засгийн газраар батлуулсан. Эхний таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд үндсэндээ 2021 онд дууслаа. Одоо хоёрдугаар таван жилийн дунд хугацааны төлөвлөгөөгөө боловсруулаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулаад ажиллаж байна. Тэгэхээр бидний хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд тодорхой. Төлөвлөлт өөрөө бүтээмж. Сайн төлөвлөлт өндөр бүтээмж авчирдаг.  2030 онд Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг болчихсон, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр маань баригдчихсан, үйл ажиллагаа нь жигдрээд явж байх болов уу. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэр технологийн парк маань өргөжсөн, түүнийг даган жижиг дунд үйлдвэрүүд сэргэсэн, хүн бүхэн хийж бүтээе гэсэн сэтгэхүйтэй, Монгол Улсын аж үйлдвэржилт эрчээ аван хөгжиж байх болов уу гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна даа.

-Баярлалаа   

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments