П.Ганбат: Эрдэнэтэд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр баригдана

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун Орхон аймагт ажиллах үеэрээ үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд гардуулсан. Ингэснээр Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжих хууль эрх зүйн боломж нээгдсэн юм. Үйлдвэр, технологийн паркийн бүрэлдэхүүнд эхний ээлжинд Катодын зэс үйлдвэрлэх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байгуулах төсөл багтаж байна. Эдгээр ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбаттай ярилцсан юм. 

“Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэр, технологийн паркийн хамгийн чухал хэсэг болох зэс хайлах үйлдвэрийн төслийн ажлын явц ямар шатанд явна? 

-Эртнээс яригдсан энэхүү төсөл өдий хүртэл хэрэгжээгүй гол шалтгаан нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах асуудал хүндрэлтэй байсантай холбоотой. Байгалийн хийг ашиглаж, элементийн хүхэр үйлдвэрлэх технологи дэлхийн практикт байдаг боловч манай орны хувьд байгалийн хий байхгүй тул хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан.  Тиймээс бид судлаад, хүхрийн давхар исэл агуулсан хийг нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэх патент эзэмшдэг БНХАУ-ын “China ENFI Engineering” компанитай хамтран үйлдвэрлэлийн туршилт явуулах гэрээ байгуулан ажиллаж байна. Тухайн компани одоо ажиллаж байгаа металлургийн үйлдвэр дээр үйлдвэрлэлийн туршилт явуулан элементийн хүхэр гаргахаар бэлтгэлээ хангаж байгаа. Шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулаад, үйлдвэртэйгээ яаж холбохоо шийдээд, элементийн хүхэр гаргах үйлдвэрлэлийн туршилт хийнэ. Үүний дараа бидний боловсруулсан зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ дээр энэ хэсгийнхээ тодотголыг хийгээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ТЭЗҮ-гээ хамгаалах юм. “China ENFI Engineering” компанийнхан хийсэн ажлын мэдээллээ бидэнд хоёр долоо хоног тутамд ирүүлж байгаа. Одоогийн байдлаар нарийвчилсан зураг төслийн ажил 90 хувьтай, тоног төхөөрөмжийн худалдан авалт 80 хувьтай явна. Үйлдвэр, технологийн паркад зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулахад хамгийн чухал ажил энэ.

-Өөрөөр хэлбэл янз бүрийн урвалд ордоггүй тогтвортой элемент гаргаж авна гэсэн үг үү? 

-Тийм. Элементийн хүхэр нь хадгалах, тээвэрлэх, борлуулахад хүндрэл багатай гэж ойлгож болно. Элементийн хүхрээс хүхрийн хүчил гарган авна. Химийн үйлдвэрийн үндсэн түүхий эд шүү дээ. Барилгын материалд бас ашиглаж болдог.

Катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах төслийн ажлын явц ямар шатанд явна вэ? 

-Үйлдвэр, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй бас нэгэн том төсөл нь катодын зэсийн үйлдвэр барьж байгуулах юм. Ил уурхай дахь исэлдсэн хүдрийн овоолгуудад хуримтлагдсан хүдрийн нөөц, “Эрдэнэтийн-Овоо” ордын баруун хойд ба төвийн ордын уурхайгаас ирээдүйд ашиглах явцад үүсэх исэлдсэн хүдрийн нөөцөд үндэслэн SX/EW технологиор барих үйлдвэрийн хүчин чадлыг жилд 10 мянган тонн катодын зэс байхаар тооцоолон ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажил ид явагдаж байна. Ирэх дөрөвдүгээр сард гүйцэтгэгч компани ажлаа хүлээлгэн өгнө.

Үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? 

-Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Үйлдвэр, технологийн паркийн дэд бүтэц, зам харилцааны ажлыг оруулаад явж байгаа. Дэд бүтцийн инженерийн нарийвчилсан зураг төслийн техникийн даалгавар боловсруулж  авто зам, төмөр зам, усан хангамж-ариутгал татуургын систем, цахилгаан хангамж гэсэн дөрвөн чиглэлээр худалдан авах ажиллагаа зохион байгуулагдсан. Зураг төслийн ажил ирэх тавдугаар сард дуусна. Мөн ҮТП-ийн дэд бүтэц барьж байгуулах суурь судалгаа, инженер геологи, хөрсний судалгааны ажил үндсэндээ дууссан.

Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэл, төслийн явцын талаар мэдээлэл өгөөч? 

Засвар механикийн заводын хувьд машин үйлдвэрлэлийн суурь болгон хөгжүүлэх өргөтгөл шинэчлэлийн нарийвчилсан ТЭЗҮ болон инженерийн зураг төсөл боловсруулах том ажил хийгдэж байна. Засвар механикийн заводоо бүс нутгийн, цаашлаад Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл явуулах хэмжээнд өргөтгөн шинэчилж, дэлхийн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.   

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments