|

Орос, Украин шинэ үе шатны хэлэлцээ хийнэ

Орос, Украины төлөөлөгчид нүүр тулсан шинэ үе шатны хэлэлцээгээ гуравдугаар сарын 29-30-нд хийнэ гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский өчигдөр /2022.03.27/  гарагт мэдээлжээ.

“Өнөөдөр Украины талтай өөр нэгэн үе шатны хэлэлцээг цахим хэлбэрээр хийлээ. Үүний үр дүнд талууд гуравдугаар сарын 29-30-нд биечлэн уулзахаар шийдвэрлэлээ” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслахын албыг давхар хашдаг В.Мединский “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Мөн Украины төлөөлөгчдийн багийн гишүүн Давид Арахамия ням гарагт мэдээлэхдээ, дараагийн үе шатны хэлэлцээ Туркт гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно гэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш Орос, Украин нүүр тулсан гурван үе шатны хэлэлцээ хийж, хожим нь цахимаар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч дорвитой тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Баасан гарагт Оросын Зэвсэгт хүчин Украин дахь цэргийн тусгай ажиллагааны эхний үе шатны гол даалгаврууд ерөнхийдөө биелсэн талаар мэдэгдсэний дараа шинэ үе шатны хэлэлцээ болох гэж буй нь энэ аж.

А.ЭНХЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments