БШУЯ арьсаа хамгаалсан тайлбар хийж, сурагчийн үхлийг өөрсдөөсөө түлхэхээс ич!

Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хоёр сурагч биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсноос амьсгалын дутагдалд орж, улмаар нэг сурагч ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан бол нөгөө сурагч гэртээ учир битүүлэг байдлаар амь насаа алдсан тухай мэдээлэл түгсэн. Тодруулбал амиа алдсан сурагч тус сургуулийн 10-р ангид суралцдаг байсан бөгөөд хичээлээ тарж ирээд орой унтаж, өглөө нь сэрээгүй байна. Эл хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө болсон аж. Өдгөө амиа алдсан сурагчийн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, цагдаагийн байгууллагаас ажиллаж буй.

Харин амиа алдсан сурагчийн асуудлаар БШУЯ-наас хийсэн мэдэгдэлд сурагч “Зүрхний импакт” оношоор нас барсан төдийгүй бие муутай хүүхэд байсан гэв. Тэд сурагчдыг битүү орчинд амны хаалттай гүйлгээгүй, амны хаалт зүүхээ больсон хэмээн хэллээ. Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч яамны ажилтнаас “Тухайн өдөр биеийн тамирын хичээл орсон уу” гэхэд “Тэр тухай сайн мэдэхгүй байна” хэмээн хариулсан нь хэргийн тухай бүрэн мэдээлэл аваагүй хэр нь яаран мэдэгдэл хийснийг харуулна. Сургуулийн зүгээс БШУЯ-ны тайлбартай санал нийлнэ хэмээн төвийг сахих.

Гэвч энд логикийн нэг алдаа үүсч буйг хэрсүү уншигч та анзаарсан нь лавтай. Талийгаач амиа алдсан ч, шүүх шинжилгээний дүгнэлт гарах болоогүй, үхлийн шалтгаан тодорхой болоогүй юм. Гэтэл БШУЯ болсон процессын учир гаргалгааг бүрэн тайлаагүй хэр нь бурууг өөрсдөөсөө түлхэж, сурагчийн үхлийг “Зүрхний импакт” хэмээн зохиомлоор олон нийтэд түгээсэн нь хэр оновчтой үйлдэл вэ.

Сурагчийн үхлийн шалтгааныг салбар яам нь тодорхойлоод тодотгоод, “Зүрхний импакт” хэмээх байсан бол Шүүх шинжилгээний ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар байх хэрэг байна уу. Амиа алдсан сурагчийн ар гэрт эмгэнэл илэрхийлж үхлийн шалтгааныг эрэлхийлэхийн оронд энэ мэт батлагдаагүй оношийг олон нийтэд зохиомлоор түгээж, арьсаа хамгаалахаасаа ичээсэй билээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments