Ахлах ангиа ч төгсөөгүй хүүхдүүд амаржиж, хүүхэд нь “тэмбүүтэй” төрж буйг анхааръя!

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч төрж, хүүхэд нь тэмбүүтэй төрсөн тухай мэдээлэл цахим ертөнцөд түгээд буй. Ахлах сургуулиа ч төгсөөгүй охид жирэмсэлж, ээж болж буй нь хүүхдүүд бэлгийн амьдралд хэт эрт орж байгаа, цаашлаад эцэг эхийн хараа хяналт дутуу байгааг илтгэнэ.

 

Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтээр охидын үзлэгт хамруулдаг байв. Тухайн үед үүнийг социолист үеийнх шиг хүүхдийн эрхэнд халдсан асуудал хэмээн амтай бүхэн эсэргүүцэж, болиулсан. Түүнчлэн бэлгийн боловсрол хэмээх хичээлийг “пүү, паа” гэх нь холгүй хүлээж авч байсан нь өдгөө хариугаа барьж байгаа гэлтэй.

Бүгд л ухаалаг утас, технологид толгойгоо мэдүүлж, хүүхдүүдтэйгээ ярилцахаа больсон энэ үед ерөнхий боловсролын сургуулиудад дунд ангиас нь бэлгийн боловсролыг олгож, сургууль бүрийг охид, хөвгүүдийн эмчтэй болгомоор… Цаашлаад бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай мэдлэг мэдээллийг жинхэнэ ардчилсан улсын зарчмаар зааж, хүүхэд бүрт төлөвшүүлэх цаг нэгэнт иржээ.

Ээжүүд аавууд охид хөвгүүдтэйгээ сайтар ярилцаж, өнөөдрийн буруу сонголт  ирээдүйн амьдралд нь хэрхэн сөргөөр нөлөөлдгийг ойлгуулж, ярилцдаг байя. Харин төр засгаас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт бэлгийн боловсролын агуулгыг илүү өргөн хүрээнд зааж, охидыг эмчийн үзлэгт хамруулдаг болгоё. Бидний ирээдүй тэмбүүтэй байж хэрхэвч болохгүй.

Б.БАЯРТ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments