Х.Баасанжаргал: Үндсэн хуулийг одоо, хожим өөрчлөхдөө ч хүний эрхийн асуудалд ахиц дэвшил гаргах ёстой

Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Баасанжаргал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай байр сууриа илэрхийллээ. 

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ, МАРГААНЫГ АВЧ ХЭЛЭЛЦДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ-

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх  асуудал ид яригдаж байна. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгцээ, шаардлагын талаар  иргэдийн ойлголт хангалтгүй байх шиг.  Гол гол өөрчлөлтүүдийн  талаар эхлээд мэдээлэл өгөөч? 

-Нэгдүгээрт хүний эрхийн зарим хөндөгддөггүй, өөрчлөгддөггүй асуудлуудыг оруулж ирсэн. Энэ удаа, эсвэл  дараагийн удаа өөрчлөлт оруулах байсан ч бид хүний эрхийн асуудалд ахиц, дэвшил гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тэр дундаа хамгийн чухал асуудал бол Үндсэн хуулийн цэцээр Хүний эрхийн асуудал, маргааныг авч хэлэлцдэг болох гэх тогтолцооны шинжтэй чухал асуудал бий.

Дараагийн зүйл нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийн асуудал. Зөвхөн сонгогчдын нэг хувийн гарын үсэг цуглуулсны дараа нам байгуулах шаардлага үндсэн хуульд орсон. Энэ нь 2028 оноос хэрэгжиж эхэлнэ. Гэсэн хэдий ч түүнээс хойшхи  хугацаанд нам байгуулах асуудал маш хүнд болно. Энэ нь эвлэлдэн нэгдэх эрхийг үндэслэлгүйгээр хаах, хязгаарлалт тавьж буй асуудал гэж үзсэн. Үүнд өөрчлөлт оруулах нь чухал.

Бас нэг чухал асуудал бол “Цаазаар авах ялыг бүрмөсөн халах”. Эрүүгийн хуулиараа хэдийгээр цаазаар авах ялыг хэрэгжүүлэхгүй байгаа хэдий ч, Үндсэн хуульд цаазаар авах боломжтой зохицуулалт өнөөг хүртэл үйлчилсээр байгаа. Үүнийг халах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Ард түмний эвлэлдэн нэгдэх эрхийн тухай асуудал ярьлаа. 3.4 сая хүн амтай улсад 36 ултөрийн нам бүртгэлтэй  байгаа гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг? 

-Чанаргүй олон нам  үйл ажиллагаа явуулж байна гэдэг  шүүмжлэл явдаг. Энэ асуудлыг магадгүй Намын тухай хуулиараа нарийвчлаад зохицуулах боломжтой гэж харж байна. Харин Үндсэн хуулиар нам байгуулах босгыг нь өндөрлөөд өгчихөөр нам байгуулах нь  маш хэцүү болно. 2028 оноос өмнө байгуулагдсан намууд яах вэ.   Намуудын тамга тэмдэг үнэд орно, намтай  хүн илүү үнэ цэнэтэй болох гээд байна шүү дээ.  Энэ нь өөрөө сөрөг зүйл рүү чиглүүлэх эрсдэлтэй.

Харин намууд сайн, муу байх асуудал нь тусдаа.  Үнэхээр Парламентын суудлын төлөө явж байна уу, өөр үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь намын хяналт, хуулиараа зохицуулах боломжтой харилцаа юм. Хамгийн гол нь Эвлэлдэн нэгдэх эрх дээр тавьсан хязгаарлалт нь өөрөө үнэ цэнэгүй.

-ХҮН ӨӨРӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ГОЛ ЭРХЭМ ЗҮЙЛ ЮМ-

-Монгол Улс Үндсэн хуульдаа Хүний эрхийн бүхэл бүтэн нэг бүлэгтэй, харьцангуй сайн заалттай гэж ярьдаг. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн тухайд  хүний эрхийн асуудал  хэрхэн туссан бол? 

-Хүний эрхийн асуудалд цаазаар авах ялын тухай ярилаа. Мөн хүний эрхэм чанарыг үндсэн хуулиар оруулж ирье гэдэг саналууд гарсан явж байна. Одоогийн Үндсэн хуульд хүний нэр төрийг хүндэтгэн хамгаална гэж заасан.

Гэвч бид нэр хүндийг алдар хүндтэй хольж ойлгоод байна. Сайн хүнийг хүндэтгэн хамгаална, муу хүнийг яах вэ. Ял эдэлж буй хүн яах вэ гэхээр аль ч төрийн үйлчилгээний гадна үлдээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр уг агуулга, зохицуулалтын цаана нь юу байгаа, тухайн хүн хэн байхаас үл шалтгаалаад төр  хүнээ дээдэлнэ, хүн өөрөө эрхэм юм гэдэг агуулгыг  Үндсэн хуульд илүү тодорхой оруулж ирэх нь зүйтэй.  Томъёолол нь харилцан адилгүй орж ирэхийг үгүйсгэхгүй. Миний хувьд бол хүн өөрөө Үндсэн хуулийнхаа гол эрхэм зүйл нь юм. Энэ мөн чанарыг оруулж ирэх нь зөв гэдэг  байр суурьтай байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж байна гэдэг дээр олонх нь фокусалж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгцээ  шаардлага нь чухам юу юм бэ? 

-Миний  хувьд парламентын талаас нь сайн хэлж мэдэхгүй юм. Хүний сонгох, сонгогдох эрхийн тухай авч үзвэл санал гээгддэг байдал, сонгох эрхээ бүрэн эдэлж байгаа юу гэдэг асуудал яригдана. Санал гээгддэг асуудлыг шийдэхийн тулд холимог тогтолцооны асуудал гарч ирнэ.  Үүнийг би үндэслэлтэй болов уу гэж харж байна. Харин хүний эрхийн талаас нь хүний сонгох, сонгогдох эрх бүрэн хангагдаж байна уу, хэрэгжиж байгаа эсэхэд л бид анхаарах ёстой.

-Иргэн хүн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд ямар байгаа вэ? Үгээ, үзэл бодлоо илэрхийлээд хоригдсон тохиолдлууд цөөнгүй гарсан?

-Эрүүгийн хуульд үзэл бодлоо илэрхийлэх асуудалд зохицуулалтууд орсон, үүнийг их хурлаар  эцэслэн батлаагүй байгаа. Тиймээс энэ асуудалд та бүхэн минь сонор соргог байгаасай л гэж хүсэх байна. Жагсаал цуглааны эрхзүйн орчны тухай ХЗДХ-ийн яам дээр зохицуулалт хийж байгаа гэж сонссон. Хүний үндсэн эрхэд хязгаарлалт тавих бол  хэрхэх вэ, хэт хязгаарлалт тавих ёсгүй. Бид үүнд анхаарлаа хандуулж  судалж байгаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments