|

Төвлөрлийг сааруулахуй

Амьдарлын илүү чанарыг хайх нь хүний үндсэн эрх, мөн заяагдмал зөн совин юм. Улаанбаатар хот нь Үндсэн хуулиар нэр заагдсан нийслэл хот бөгөөд төрийн захиргаа, бүх төрлийн үйлчилгээ бөөгнөрсөн Монгол улсын хамгийн том суурин газар юм. Алтан тэвшийн хөндийд Их Хүрээ суурьшсанаас хойших бүх түүхийн туршид Монголын хамгийн их хүн ам төвлөрсөн газар байсаар ирсэн ба сүүлийн 30 жилд хүн амын өсөлтийн хурд тасралтгүй, мэдэгдэхүйц нэмэгдэж ирсэн. Зөвхөн 1992-2016 оны хооронд 607 мянган хүн Улаанбаатар хотод шилжиж иржээ.

ЯЛГАРСААР БУЙ ХӨГЖЛИЙН ТҮВШИН

Үүний үндсэн шалтгааныг орон нутгийн хөгжилтэй холбож харах нь зүйтэй юм. Монгол улсын 330 сумын дотор хоорондоо, эсвэл аймгийн төвтэйгөө хэт ойр байдаг сумд элбэг. Энэ нь төсвийн давхцал, үр ашиггүй зарцуулалтыг гааруулдаг зүйл юм. Сум бүр хаалгатай, наадмын талбайтай, хүүхдийн тооноосоо илүү гарсан сургуультай болох “тренд”-ийн эхлэл. Сумдыг хооронд нь нэгтгэж цөөрүүлэх нь эдийн засаг, хүн ам зүйн бодлого, төвлөрсөн хөгжил гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх боловч Үндсэн хуульд тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Гэтэл аль ч сумын иргэд нэгдсэн сумдын нэр, төвлөрлийг зөвхөн өөрийн суманд байлгахыг хүсдэгээс болж энэхүү нэгдэн нийлэх явдал нь бүтэшгүй зүйл болж хувирчээ. Эндээс олон жижиг сумдаар таран тарамдах байдал өөрийн эрхгүй үүсэж эдийн засаг, нийгмийн хөгжлөөр хоцордог байна. Улмаар иргэд орон нутгаас дайжиж зах зээл томтой, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмж илүү газар руу чиглэсэн их нүүдлийг үүсгэж байна.

Үндсэн хуульдаа нийслэл хотыг нэрлэж тодорхойлох асуудал олон улсад түгээмэл байна. Дэлхийн 193 орны бичмэл үндсэн хууль буйгаас 100-д нь нийслэл хотын нэр, ямар хотыг нийслэл хот гэж тооцох талаар тодорхой заажээ. Чингэхдээ Парламент эсхүл засгийн газрын, мөн энэ хоёрын аль аль оршдог хотыг нийслэл гэж тодорхойлох нь түгээмэл байна

АЯНДАА ҮҮССЭН БӨӨГНӨРӨЛ

Нөгөө талаас улсын нийслэл Улаанбаатар хот нь Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог газар тул иргэд төрийн үйлчилгээ авахаас эхлээд бизнес хийх, соёлын хэрэгцээгээ хангах, сурч боловсрох, зэрэг хүн амьдралаа тэтгэн дээшлүүлэх боломж харьцуулшгүй ихээр төвлөрчээ. Ийм нөхцөлд улс орны хэмжээгээр үүнээс үл дутах, хүний хэрэгцээг хангасан дахин өөр ийм төвлөрлийг бий болгох боломж нэн хомс юм. Энэ эрэлхийллийн хүрээнд нэгэн гарц, шийдлийн тухай байнга ярилцдаг байсан нь: “Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог өөр нэгэн хотыг үүсгэх, эсвэл жижиг хотыг өргөтгөн байгуулах”.  Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуай, Төрт ёсны уламжлалыг сэргээх тухай, Хар Хорум хотыг сэргээн тэнд төрийг төвлөрүүлэх боломжийн талаар олонтоо санал солилцож, хөндөж байсан удаатай.

Тухайн үед УБХ-аас Үндсэн хуулийн төсөлд улсын нийслэлийн нэрийг заалгүйгээр “Монгол Улсын нийслэлийн нэр, орших газар, эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн томьёоллыг хийж, АИХ-д оруулж хэлэлцүүлж байжээ. Гэвч эцсийн бүлэгтээ Үндсэн хууль дахь улсын нийслэл гэх томьёоллыг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж оруулж өгчээ.

НИЙСЛЭЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ГАРЦ ХАЙХ

Хэрэв нийслэл хотыг шилжүүлэх санал дэмжигдэнэ гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэх өгүүлбэрийг хасах хэрэгтэй болно. Үүнтэй зэрэгцүүлэн сумдыг нэгтгэн орон нутгийн томоохон, цөөн төвлөрлүүдийг буй болговол бидний нэг хүндхэн зовлон шийдлээ олно.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments