Б.Мэнд–Амар: 1960, 1980-аад оны Улаанбаатарыг үзээгүй залууст зориулж үзэсгэлэнгээ гаргасан

“Бидний үзээгүй Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг санаачлагчдын нэг Б.Мэнд–Амартай ярилцлаа.

-Яагаад “Бидний үзээгүй Улаанбаатар” гэж нэрлэх болсон бэ?

-Улаанбаатар хотод маань хүн амын тал хувь нь амьдарч байна. Энэ хэрээр хот маань маш хурдацтай өөрчлөгдөж байгаа. Ийм өөрчлөлтийг залуус, ялангуяа миний үеийнхэн, 20 гаруй насныхан 60аад он гэлтгүй 80аад оны дүр төрхийг үзээгүй, хараагүй учраас “Бидний үзээгүй Улаанбаатар” гэж нэрлэсэн.

-Үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

-Харьцуулсан үзэсгэлэнгийн онцлог нь бидний одоо амьдарч байгаа хотын гудамж талбай, барилга байгууламж, объектууд хэр өөрчлөгдсөн хийгээд өмнөх дүр төрхөө хэрхэн авч үлдсэн гэдгийг харьцуулдаг нь өөрийнх нь онцлог болдог.

-Үзэсгэлэнд хэний бүтээлүүд тавигдсан байгаа вэ?

-Эхний зааланд архитектор, сэргээн засварлагч Г.Нямцогт гээд хүний 1984–1988 онд дарсан, голчилж барилга байгууламжуудыг харуулсан гэрэл зургууд өнөөдөр ямар харагдаж байгаа тухай байгаа бол дотор зааланд өнгөт хальстай зургууд байгаа.

Тэдгээр зургийг АНУын иргэн Харрисон Форман гээд, тухайн үедээNew York Times” сонины сэтгүүлч, сурвалжлагч байсан хүн авсан. Тэр хүнийг цааш нь судлаад үзэх юм бол Америкийн Газар Зүйн Нийгэмлэгийн гишүүн түүх, соёлыг түлхүү судалдаг байсан юм билээ. Тэгээд 1964 онд Улаанбаатарт ирэхдээ буулгасан зургуудыг оюуны өмчийн эрхийн дагуу энд дэлгэн үзүүлж байна.

-Монголд ирсэн гэрэл зурагчдаас сонирхолтой тохиолдлоор ирсэн хүн байна уу?

-Ерөнхийлөгч Жон Кенниди засаглаж байх үед Виллиам Даглас гээд шүүгч ажлаасаа чөлөө аваад, эхнэрээ дагуулаад, бас “National Geographic”ийн Дэн Конгер гээд сэтгүүлч, зурагчинтай гурвуулаа БНМАУ–д ирсэн.

Тэгээд Улсын Их Дэлгүүр, Богд уулнаас Улаанбаатарын дүр төрх, 40 мянгат, Гадаад Хэргийн Яам гээд манай ид явагдаж байсан бүтээн байгуулалтыг өнгөт хальсанд буулгаж үлдээсэн байдаг юм билээ. Тэр гэрэл зурагчин 1982 онд дахин ирж, авсан зургуудын дунд Хөгжим бүжгийн коллежид сурч байсан нэг хийлч охин байсан. Гэтэл тэр хийлч охин одоо

-40 гаран настай болчихсон, өөрийнхөө зургийг таниад энэ би байна гэж хэлж байсан тохиолдол бий.

-Харьцуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээс хүмүүс юу хүлээж авах вэ?

-Харьцуулсан үзэсгэлэн гаргаж байгаа нь зүгээр нэг хэдэн хуучин зураг харуулаад, өнгөрсөн үед машин тэрэг цөөхөн байж гэхээс илүүтэй, жишээ нь, 1988 онд “Хүүхэд, залуучуудын ордон” гэдэг нэртэй газар маань одоо “Улаанбаатар театр” болж нэр нь өөрчлөгдөж, эргэн тойронд нь өндөр барилгууд баригдсан ч өнгөрсөн үеийн зурагт яг тэр дүр төрхийг хадгалаад үлдчихсэн гэдгийг хүүхэд, залуус маань үзээд дахиад 30 жил болсон ч энэ хэвээр нь хадгалах юм шүү гэдэг зөв “мсж”ийг бид нар өгөхийг хүсэж байгаа. Тэгэхгүй бол зарим хүмүүс хэт талаа бариад нэг бол одоо үе гоё гээд эсвэл яг эсрэг хуучин үе муухай гэсэн зүйл ярьдаг. Зарим зүйл маань хөгжөөд өөрчлөгдөж байна, зарим зүйл нь биднээс алсраад холдож байна гэдгийг харьцуулж хүргэхийг зорьсон.

-Энэ төрлөөр дахиж ямар нэг үйл ажиллагаа явуулах уу?

-Харрисон Форманаас гадна олон сэтгүүлч, гэрэл зурагчид, аялагчид ирж бидний аж амьдралыг харуулсан гэрэл зургуудыг дарсан байдаг. Тиймээс оюуны өмчийн дагуу зөвшөөрөл авч дэлгэнэ, бас ном болгоно гэсэн бодолтой байгаа. Монголд хүмүүсийн ойлгодоггүй нэг юм байдаг. Жишээлбэл, таны авсан гэрэл зургийг нэг хүн дураараа ашиглаад, болоогүй би өөрөө авчихсан гээд, эсвэл нэр усыг тавьдаггүй.

Тиймээс бид ядаж хэн гэдэг хүн, хэзээ авсан гэрэл зураг болох талаар мэдээллийг өгдөг тийм соёлыг нийгэмд суулгахыг давхар зорьж байгаа. Ингэснээр гэрэл зурагчдын бүтээлийг, яахав манай зах зээл жижиг ч гэсэн эргэлтэд оруулах боломжтой болно.

“Бидний үзээгүй Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн 7 дугаар сарын 2–ныг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн замын эсрэг талд байрлах Ulaanbaatar Coffee Culture”–д гарна.

 

 

 

 

 

Э.МИШЭЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments