|

Ц.Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, Гэлэн Хамба гуай?

Винай, дүлбаа нь лам хуврагтны зайлшгүй  сахих мөрдлөг. Шашинтай огт хамааралгүй хүмүүст ч үүнтэй адилхан, ёс суртхуун гэж  бий.  Лам та нар сахилаа алдаж, хар тэргүүтнүүд ёс суртхуунгүй догшрон мунхраад, Цагийн дотоод хүрдэн эвдрэхэд  гадаад сансрын орчил үймж, сав шим ертөнц үржил шимээр доройтон буурсан цөвийн цагийг бид эдлэн өнгөрөөж буйг Хамба та мэдэхийн дээдээр мэднэ.  Дэлхий нийтээрээ энэ үеийг туулж байна. Монгол улс ч хаашаа явж байгаа нь бүү мэд боллоо.  Өнгө мөнгө үнэнийг хавчиж, өвөл намар зуныг хавчина гэдэг л энэ байх.  Төр эцэг нь иргэнээ бие маханбодь, гадна талаас нь хуулиар цагдан журамлаж, Шашин эх нь сүсэгтнээ сэтгэл, дотор талаас нь номын ёсоор хүлж, засдаг  Хос ёсны шүтэн барилдлагыг ор тас огоорсон энэ үед монголчууд яавал  монголоороо үлдэх вэ?  Яаж газар нутагтайгаа, эрүүл энх, шашин соёл, үүх түүхтэйгээ үлдэх вэ? Энэ тухай Та юу боддог бол? Иргэд сүсэгтнүүд чинь цөхөрч, ундуй сундуй орон гэр, мал хуй, бодол хүслээ цөвийн  цагийн салхинд уруудуулаад алдлаа. Газар шороо, цөөн буурай үндэстнийхээ төлөө   үнэнийг хэлж сэрэмжлүүлдэг хүн ч цөөрлөө.  Иймдээ л  бусдад ад  үзэгдэх зоригтойгоор би Таныг шүүмжлээд байгаа юм. Та миний дайсан өшөөтөн биш ээ. Тиймдээ ил хэлж байгаа юм. Шашин руу ноцлоо гэж байгаа бол, үгүй шүү. Бүх л таван Ерөнхийлөгчид би үгээ дайж байжээ, бас. П.Очирбатад “ДЭЭР ГЭРЭЛТЭХ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДОРД ЯДМАГ НАЙРАГЧААС…”,Н.Багабандид “ДЭЛХИЙ ЦӨМРӨНӨ ГЭЖ ТОГОРУУ АЯАР ГИШГЭДЭГ…БАГАБАНДИ АЛДЧИХААС АЙЖ НАМЫНХНАА ДАВРААВ” , Н.Энхбаярт “ЦЭЦДИЙН ТОЛГОЙ АВДАГГҮЙ ТӨРТЭЙ БАЙХЫГ ХҮСНЭ”, Ц.Элбэгдоржид “ ТӨР НЬ ИРГЭДЭЭСЭЭ ТЭНЭГ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ”, Х.Баттулгад “МОНГОЛ ЯЛСАН УУ. МӨНГӨ Л ЯЛСАН УУ” зэрэг, тэднийг ид  хаан заан байхад өрвөлзөн бичсэн  захидал нийтлэлээсээ болж цагдаа шүүхэд ч дуудагдаж явсан. Одоо ч би таны нэхэмжлэлээр Баянгол дүүргийн цагдаад мэдүүлэг өгөөд явж байгаа. Ойлгох цаг нь ирэхэд л  олон түмэн  ойлгодог юм .

Таны улстөрийн байр суурь, шашны үзэл онол ямар ч бай, эх орон, олон түмнээ гэсэн сэтгэл харагдахаа больсоор байгаад хамаг учир байна. МБШТ гэсэн том нэр хаяг авч 3О гаран жил болсон ч Монгол улсын түүхэн уламжлалт шашин соёлыг хөгжүүлэх, хүчтэй байлгах дорвитой зүйл Гандангийн зүгээс аанай л  гарахгүй  байна. Төр ч хойрго. Ялимгүй мэт зүйл шийдэх л гэж яадаг билээ?  Бурхан Багшийн Дүйцэн өдрийг бүх нийтээр амрах өдөр болгож УИХ-аас хуульчлах төслийн үг үсэг бичилцэж, талцан маргаж, ухуулж ятгаж явсны хувьд төрийн зүгээс шашны асуудал хэр эмзэг нарийнийг ч  би сайн мэднэ. Шашнаа мэддэггүй төрийн үед  Тэргүүн Хамба гэгдэж явахын хэцүүг тань үнэхээр  ойлгодог. “Төр хэрэвзээ шашнаа дэмжсэн бол лам нар айл хэсч, хурлаа үнэлэхгүй байх байсан “гэж Та нэлээд дээхнэ хэлж байсан. Үнэн шүү.  Тэгвэл ганцхан Ганданг л тэтгэх биш, нийт сүм хийдийнхнийг, буддын соёл, шашны өв тээгчдийг  төрөөс дэмжих, Монгол улс соёл иргэншлээ хадгалж үлдэх дээр   Хамба Номун хаан Таныг   бодьсатвын зоригдлоор асч, яавал яах торгон ирмэг дээрээс жинхэнэ хуврагийн явдал мөрөөр замнаасай. Шашинд зориулж төсвөөс олгох  жилийн 12 тэрбум сураг төдий байгаа.  Хэрэв батлагдвал ил тод, өргөн хүрээнд зарцуулаасай. Шуналгүй, атгаггүй амьдраасай. Сүсэгтнүүдээ оюун санаагаар манлайлаасай. Ард иргэд бидний хамгийн тулгамдсан, зовнисон асуудлууд дээр хамт байгаасай.  Шударга бусаар хэлмэгдэж, хохирч яваа нэгнийг өмгөөлж ганц дуугараасай гэж горьддог. Төрөөс бадар барьж баяжсан, сүсэгтнүүдээ мөлжиж хөлжсөн, хэлбэрдсэн, аргацаасан Гандангийн  үйл ажиллагаанаас чинь  болж нийт буддын шашны нэр хүнд иргэдийн дунд унасаар байгааг ухаараасай. Бурхан багш амьдаараа бууж ирээд ч нэмэргүй хэцүү байдалд монголчууд нийтээрээ  орчихсныг та мэддэггүй юм уу?  Ард олныг аргацааж хуурах , мунхруулахад шашныг бүү ашигла гэж улстөрчдөд хэлмээр үгээ танд бас зориулчихая. Шашиндаа шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж, МБШТ хэмээх төв дотоод ардчилалтай, залуу сэхээлэг удирдлагаар толгойлуулаасай. Гавьяа гай хоёрыг  чинь он цаг ялгана, өөрийгөө шүүмжилсэн хүн болгоныг шүүх цагдаад өгч бүү нүгэл хураа л гэе.

Сүүлийн хэдэн жил ажил албаар холбогдсоны хувьд шашны томчуултай бүгдтэй нь би санаа оноогоо ярьж хэлэлцсэн байдаг юм. “Чойжамц намайг муу хэлээд явдаг” гэж хэн нь ч  харин хэлээгүй юм шүү , Та хар буруу санавзай. Эд нар ёстой л “бор зүрхээрээ” хийд орноо босгож,  Бурханы шашны далай их сургаалд нэгдэн нийлдэг тус тусын үзэл урсгалын мөрөн горхийг  хөгжөөн тэтгэж, Бакула архадын  сэргээн бадраасан шашны зулыг цөвүүн цагт  унтраалгачихаагүй яваа. “Бодь мөрийн зэргийг” хаанахын ч эрдэмтэн зэрэгцэхийн аргагүй яруу тансаг, ягштал хадаж буулгасан  Т.Булган багш шиг онгосон дээл сэмэрхий ханцуйтай, Ч.Цэдэндамба гуай шиг тоосго тоосгоор нь зөөж хулгайгүй ариун гараар барьсан хийдтэй, Баянхошууны Лувсанбанзар багшаас эхлэн Тагарваа гансгийн шидийг хураасан  нууцат эрхэм  орны эзэд- хот хөдөөгийн муусайн лам нар чинь харин, Таны өмнөөс шашнаа сайн авч яваа. Даанч ядуу тарчиг болохоор сүм хийдээ дулаацуулах тог цахилгааны мөнгөө ч дийлэхгүй нь олон.  Монголын буддистууд том ярьчихаад багаханд гараа сунгах нь өрөвдмөөр, гадаадаас хөрөнгө нь цутгадаг харийн  шашныхантай харьцуулах ч юм биш. Гэхдээ л эд нар шашнаасаа урваагүй. Шашин үнэхээр сэргэсэн нь үнэн бол энд нэр дурдагдах  хэдэн ламыг та хэрхэн болгоож, хэр тус дэм болж явдгаа эргэцүүлж бодоорой?

Урлахуй ухааны одоо цагийн  оройн чимэг Г.Пүрэвбатыг  Занабазарын үйлсийг үргэлжлүүлэн залгамжлагч гэдгээр ирээдүйн монголчууд, хүссэн ч эс хүссэн ч,  хайрлан шүтэх л болно. Аглагтаа  авьяасаар туйлж суугаа түүнд “Ардын зураач “цол олгох болоход “Аршаан хүртэж авгай эргүүлдэг ламыг  шагнах хэрэггүй”  гэсэн зааврыг  хэн хаанаас гаргаж гацаасан юм бол оо?  Нэг л мэдэхнээ  Ерөнхийлөгчийн чихэнд хов гүйсэн л байсан.  Энүхэндээ гэхэд, Данзанравжаа, Пүрэвбат шиг онгод тэнгэрс  охидын сайхныг таалсан ч яадаг юм  гэж би хувьдаа өмөөрдөг.  Олонхи олны хэдэн төрөлдөө ч үл бүтээх зүйлийг оноосон ганц төрөлдөө багтаан гүйцээгээд  илбэ үзэгдэл мэт арилах онцгой дээд хувьтан тэд мөнөөс мөн.  Тэднийг л ихэс дээдэс гэж нэрлүүштэй. Тэнэгүүд атаархаж хорлох нь жам.  Хонь шиг номхон дүр гаргаад, хуц шиг харайдаг  асман лам нар, бандидах бузрыг ч  тэсвэрлэдэг орон хийдтэй   хөгийн орчлон  энэ мэт юу эсийг санагдуулах.  Ном хорвоогийн аль ч үгүй, найман номын хөлөлд  ноорхой эхнэрт дарлуулаад дуусах лам нар отголох ч үгүй. Харин лам нар  дундаас Монголдоо заяасан ховор авьяас ухааныг хайрлаж хүндэлж, үйлс зохионгуйг нь дэмнэх нь Та бидний л сав, буяны хэмжээ.

Д.Нацагдорж хамба гэж намс намс алхсан, нямбай чигжүү  ухаант маарамбын ачаар Монголын уламжлалт анагаах ухаан судар шүнтэйгээ сэргэн уламжлагдсаар, иргэддээ танигдан ач тусаа өгсөөр  өдийг хүрлээ. Таны зүгээс түүнийг дэмжсэн нь хаа байна?  Хятадын тагнуул болгох гэж үзээд бараагүй. Дорнын анагаах ухаан монгол, төвд, хятад, солонгос, япон, вьетнам…зүггүй их ай саванд халгиж цалгиж байдаг бөгөөд Нацагдорж хамбатнуудад манба дацан, сүм хийдийн босго давж  түүх шашдир үзэх, эмний хөл, тангийн судал олж авчрах зэрэг ажлаар аль нэг буддын шашинтай улс орныг гарцаагүй зорих л болдог.  Тэр бүрт түүнийг  хятадын талыг баримтлагч болгож хардах ёстой юу? Монголын төр үнэхээр арчаагүй. Уламжлалт анагаах ухаанаа мэддэггүйн хэрээр  дэмжихгүйг би  ч сайн мэддэг боллоо. Зөвлөх байхдаа Уламжлалтын 108 боть эхлүүлсэн, одоо тал илүү хувь нь санхүүжилтгүй гацсан. Энэ л мунхаглалаа Нацагдорж хамба, ерөөс монгол Тэжээхүйн ухаанаа хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд үзүүлсээр ирсэн  болохоор эд яах ёстой юм? Хятадын улстөрчид   агуу шүү, зориуд хэлчихье. Дорнын анагаах ухааны малгай дор монголынхыг багтаан хөгжүүлж, манайхаас юм дэлсээд л суугаа вий. Тэдэнтэй зааг завсартай харьцаж байж хэрхэн монгол анагаахаа устгачихгүй, мартуулчихгүй авч гарах ухаан сийлж яваа нь На хамбыг Богдсын зиндаанд аваачнаа, хожмоо. Түвдэнпэлжээлин  Монгол зурхай хийдийн Ж.Гончигсүрэн хамбыг  одот тэнгэрийн зурхайн ухааны уламжлалыг сунгаж, буддын шашны арван их ухааны нэгийг алдаж асгалгүйгээр үл барам, өөөр хэнийх ч биш,  монголын Төгс Буянтын зурхайн ёсыг энэ цагт  дахин дэлгэрүүлсэн  хэмжээлшгүй буянтан гэдгээр монгол түмний  үр сад цээжиндээ тогтоож үлдэнэ. Чойжамц Танд хэд гурван хатуухан үг чулуудаад нүд үзүүрлэгдсэн зурхайч гэдгээр нь  бол хэн ч эс дурсах вий. Хуучны маань номтой хөгшчүүлийн үлдэгдэл – Гарма  Гаржүдийн Диваасамбуу гуай Гандангийн горломоос хөөгдөж, гомдож нүд аньсан гэдэг шиг  ёсгүй  зүйл Гандангаас салахаа больсон нь шашин хиртсэний дохио гэхээсээ, атгаг ихт хэн нэгний араншин юм даа.

Эх оронч хутагт – Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмийгийн үүсгэсэн Зүүн Хүрээний орон суурь- эдүгээгийн  Дашчойлин хийдийн  Ч. Дамбажав  хамбыг мөн л урд хөрштэй холбож ховлодог нь нууц биш ээ.  Ганцхан жишээ. 2018 онд тус хийдийн хойморт Майдар бурхан залах ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  оролцсон. Ёслолын  урилга илгээгээд байхад Чойжамц Та л  ирээгүй, суудал чинь онгойсон. Бээжингийн Юн Хэ гүн, Солонгос, Японы сүм хийдээс хандив тусламж авч боссон  Майдар бурхан  гэдгээр  зэнзийрхэж байгаа царай чинь, чааваас! Цаагуураа Х.Баттулга Ерөнхийлөгчийн Майдарт үнэнч гэж үзүүлсэн хий хоосон  дүр ч байсан, ламбугай!  Маргааш нь  ЕТГ-ын дарга З.Энхболд “ Хүрэлсүхтэй зэрэгцээд чи  хятадын барьсан бурханд очиж мөргөлөө“ гэж намайг буруутгахад би хэдэрлэсэн.  Энэ бас л таны хов гүйснийх , Чойжамц гуай. Хятадын “Страто” уул уурхайн компанийг үүсгэн байгуулагчдын нэг Зандаахүүгийн Энхболд, Хятадын Си Зин Пиньтэй  гар барьж, байнга зээл тусламж авдаг У.Хүрэлсүхийг хятадад  долигногч гэж  өнөөдөр ч хэлж зүрхлээгүй зусар юм байж  Хамба Та  муусайн лам нар, мань мэтийгээ яахнав дээ?  Хятадаас мөнгө авсан байж гэмээнэ ч, таны хайрт улстөрчид шиг, газар нутгаа ухуулж, монголоо хувхайртал тонон дээрэмдүүлсний шанд  хувь хүртэж суугаагүй, энэ лам нар чинь!  Босгосон хийд нь, сэргээсэн дамжлага нь монголчууддаа л үлдэнэ.

Хятадын тагнуул, Банчэнд мөргөсөн гэж бас нэг хамба ламыг нүд үзүүрлэн хажиглах нь Гандангийн ганц  хийж чаддаг ажил болжээ. Нүүрсний хар нүхэнд хасаг халхгүй эндэж үрэгдсээр байдаг үхэл ёрлосон Налайхад арван хэдтэй балчраасаа  сүм хийд босгон, Бурханы шашны туг хиураар  газар орноо аргадсан С.Нэргүй ламыг налайхчууд ажилсаг хөдөлмөрчөөр нь сайн мэддэг юм гэсэн.  Гандангийн үйл ажиллагааг ил шүүмжилдгээсээ болоод нэр хоч зүүснийг лам нар ч  ил далд ярьдаг. 2019 оны зун, өөрийг нь эзгүйд тэр, хятадуудаас санхүүжсэн гээд байдаг Сайн Номун хийдээр би орж зориуд үзлээ. Сэгсийсэн үстэй гурван зураач  залуу хийдийн хоёрдугаар давхраас  бууж ирээд, лам эзгүй, бид хана тааз  эрээлж сар боллоо. Лам гуай бидэнд цалин цаваг олж ирэхээр явсан гэж учирласан. Сүрхий ганган хийд орон байна. “Ямар их ажил хийгээ вэ? Сайхан монгол  зургийн аргаар сайхан  хийж байна, дүү нар” гэхэд “Нэргүй лам жинхэнэ нэг үлгэр жишээ, урлаг соёлоор зодсон, музей шиг  тансаг шашны хийдийг  барих санаатай явдаг болохоор бид ч олон жил туслаад яваа юм “гэж тэрүүхэн зуур  хуучлаад үлдсэн. Монголын төр нийгэм, шашинд халдварласан ковид корона бол атаа жөтөө! Илүү нэгнээ, өөрийг нь шүүмжилсэн нэгнээ  ад үзэх дон шүглэсэн Чойжамц гуай минь, өөртөө  сан тавиулчихаж байгаач! Намайг нийтлэл бичсэний дараа Д.Мэндбаяр гэгч ламтай  Хулан хэлхэлдлээ  гэж зарим чинь цахимд  эргүүтсэн. Миний өвөг дээдсийн  тахисаар ирсэн Хажид хандсын ёс дамжлагыг дэлгэрүүлэгч Нархажид хийдийг ерээд онд байгуулсан  тэрбээр насаараа Тантай арсалдсан нь үнээн.  Мэндбаяр лам залуудаа  Гандангийн захиргаанд  санхүүгийн асуудал хариуцсан мяндагтан байсан бөгөөд, 1992 онд Таныг Хамбаар дөнгөж очиход гарт тань хүлээлгэж өгсөн өчнөөн үнэт  эд зүйлс өнөө хаашаа алга болсныг нэхэж шаарддагтаа л Гандангийн дайсан гэсэн муу нэр дуулж амьдарсан байдаг.

Тань шиг  төрийг хөхөж, түмэн  олныг сааж  амьдрах арга ухаанаар дээрх  лам нар, үнэхээр  дутуу.  Харин авьяас ухаан, шашнаа гэсэн ариун  тийн мэдлээр илүүрхэнээ. Чаддаг чаддагаараа л хөдөлмөрлөдөг.  Харин  Та  30 шахам  тэрбумаар 10 жил гаруй  Гандангийн хашаан дотор Батцагаан дуган гэж,  эрдэнийн гантиг гэж бурсан хэрнээ Эрээний хулхи боржингоор босгосон ,дулаанд дусаал гоожиж хүйтэнд хөр цан цохисон дуганыхаа санхүүгийн тайланг төрдөө үнэн зөвөөр тайлагначихаад намайг цахимд доромжлуулаарай. “Босоо ороолон, шулам болсон хүүхэн… Коммунистууддаа гошногодуулж үх чи” гэсэн комменттой нууц хаягуудаас хэн бичив ээ? Ашгийн төлөө бус гэсэн статустай  ТББ хэрнээ,  энэ үнэт  дуганыхаа доор автозогсоол түрээслэдэг гэсэн?  Таны шударга бусыг надаар хэлүүлтгүй, өөрсдөө мэддэг  200 гаруй лам  эсэргүүцэн гарын үсгээ зурсан дуулдсан. Эрүүгийн Цагдаагаас  ч шалгалт орсон гэнэ. Таныг  лам нар чинь дотроосоо хүртэл, Хамбын суудлаасаа огцрохыг шаардсан ч Та чив чимээгүй л байна. Энэ надад огт хамаагүй. Би жавдан олбогийг чинь булаах гээгүй. Эцэг төрдөө  гомдож цөхрөөд, ядаж  эх шашин нь үнэн, ариун байгаасай гэж асч шатахдаа  л иргэдийнхээ өмнөөс эс гэвч, эцэг дээдсийн шашны өмнөөс  орь дуун болж буйг минь  ойлго. Бурхадын наймааг булзах гэж Улсын архивт өнгөрөгч 2020 онд л гэхэд уншигчдад ил байсан, Х.Гаадан хамбын нэгтгэж үлдээсэн 2 боть ном баримтыг хэн нэг эрхтэн дархтан  Нууцын зэрэглэлд   оруулуулж  амжсан байна лээ!  Нууц юм гэж байдаггүй юм аа. “Нууц амраг “ Д.Чойжамц танаа гэж эхэлсэн захидал олон нууцыг надад ил болгож байх шиг. Энэ захидал гарсны дараа лам хар олон хүн миний сонорт муу муухай үг дуулгасныг дамжуулчихая.

Гэлэн ариун сахилтай гэсээр насыг элээж буй Таньтай нэр холбогдсон П.Э буюу, хонь жилтэй, таны Ч гэж хүүг төрүүлсэн гэх эмэгтэйг Таны яг хэн гэдгийг лам нартаа хэлээрэй.  Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ?  Таныг сахилаа сахисан гэдгээр л хүндэлдэг лам хар олныхоо итгэлийг хугалчихаагүй биз дээ? Таныг надтай хайр сэтгэлийн харилцаатай нууц амрагууд  гэж хорин хэдхэн настайд минь шар сонинууд үйл үзсэн ч би ганц хариу хэлээгүй. Худал юманд хушуугаа барах хайран тул дэвэргээгүй. Энэ нь лам дээдсийг хүндлэх дээдлэх сэтгэлийн агаараас үүдсэн,ариун гэлэн хүнийг хорвоогийн балчигт унагахгүй гэсэн  сүсэгтэн миний өчүүхэн зоригдол байв.  Та гэтэл яг гэлэн байж чадсан юм уу?  Юмыг яаж мэдэхэв, Таныг хэлмэгдүүлж байгаа бол би далан таваар бууж өгч  чин сэтгэлээсээ уучлал хүсье. Гэхдээ зөвхөн үүн дээр шүү!  Үргэлжлэл бий.

МУСГЗ ЦООДОЛЫН ХУЛАН. 2022 оны 6 дугаар сарын 11 ний өдөр

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments