|

Тайванийн асуудлаас үүдэн Ши Жиньпин, Жо Байденд анхааруулга өгчээ

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар хоёр цаг, 17 минутын турш утсаар ярьжээ.

Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш тав дахь удаагаа Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь энэ аж. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь удирдагчдын яриа “илэн далангүй” уур амьсгалтай болж өнгөрснийг мэдээлэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер удирдагчид “шууд, шулуун” яриа өрнүүлснийг мөн мэдээлжээ.

Байден, Ши нарын ярианы нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байжээ. АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси ирэх сард Тайвань аралд айлчилж болзошгүй болсон нь хоёр орны зөрчлийг хурцатгаад байгаа.

“Галаар тоглосон хэн ч түүндээ шатдаг жамтай. АНУ үүнийг сайн ойлгож байгаа гэдэгт найдаж байна” гэж Ши Жиньпин хэлснийг Хятадын албаны эх сурвалж мэдээлжээ.Тэрбээр бас хоёр орны харилцааны үндэс болсон гурван хамтарсан мэдэгдлийг “үг, үйлдлээрээ” хэрэгжүүлэхийг Жо Байденд уриалсан байна.

Ши Жиньпин улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалахаа илэрхийлж, энэ нь Хятадын 1.4 тэрбум ард түмний хүсэл эрмэлзэл болохыг илэрхийлжээ.

Жо Байден хариуд нь Тайванийн талаарх Вашингтоны байр суурь өөрчлөгдөөгүй, “Тайванийн хоолойн статус квог өөрчилж, энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах ганц талын аливаа хүчин чармайлтыг АНУ эрс эсэргүүцэхээ илэрхийлсэн” тухай Цагаан ордон мэдээлсэн байна.Хоёр удирдагч анх удаа нүүр тулан уулзахаар болж, товыг тогтоохоор тохиролцсон нь энэ удаагийн ярианы нэг гол үр дүн болжээ.

Өнгөрсөн долоо хоногт спикер Нэнси Пелоси Тайвань аралд айлчлахаар төлөвлөж буй тухай мэдээ тарсан юм. Энэ талаар эцсийн шийд гараагүй байна. Жо Байден уг төлөвлөгөөний эсрэг байгаагаа илэрхийлсэн бол Хятадын тал ингэвэл ноцтой үр дагавартайг хатуу анхааруулж байв.

Эх сурвалж: Reuters

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments