|

АНУ-ын зарласан ээлжит хоригт Путиний найз бүсгүй гэгддэг Алина Кабаева багтжээ

Мягмар гарагт АНУ-ын сангийн яам Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг ээлжит эдийн засгийн хориг зарлахдаа тус улсын элит хүрээний хувь хүмүүсийг шийтгэжээ. Тэдний дотор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дотно харилцаатай гэгддэг гимнастикийн тамирчин асан Алина Кабаева багтсан байна.

Думын гишүүн асан Кабаева одоо Оросын үндэсний хэвлэл мэдээллийн томоохон байгууллагыг удирддаг ба Украины эзлэн түрэмгийллийг дэмжиж, Кремлийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болсон гэх шалтгаанаар хоригт багтжээ. Их Британийн засгийн газар тавдугаар сард, Европын Холбоо зургаадугаар сард Кабаеваг хар жагсаалтдаа оруулж байсан юм.

Энэ удаагийн хориг арга хэмжээнд Лондон хотын хоёр дахь том үл хөдлөх хөрөнгийг (зөвхөн Букингэмийн ордны дараа ордог) эзэмшдэг олигархи Андрей Григорьевич Гурьев бас багтсан байна.

Түүний эзэмшил болох 25 унтлагын өрөөтэй харш,  $120 саяын үнэ бүхий “Alfa Nero” тансаг завийг битүүмжилжээ. Бас Гурьевын хүү Андрей Андреевич Гурьев болон түүний эзэмшдэг хөрөнгө оруулалтын Dzhi AI Invest 000 фирмийг хар жагсаалтад оруулсан байна.

“Гэмгүй энгийн иргэд Оросын хууль бус эзлэн түрэмгийллээс болж зовж байхад Путиний холбоотнууд баяжиж, тансаг амьдралаа санхүүжүүлж байна. АНУ болон түүний холбоотнууд Оросын Украинд явуулж буй дайнаас орлого олж, хөрөнгөжих явдлыг таслан зогсоох болно” гэж АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен мэдэгджээ.

Өчигдөр мөн АНУ-ын төрийн департамент Оросын 893 албаны хүнд визийн хориг тавьсан байна. Мөн Крымийг ОХУ-д нэгтгэсэн үйл явдлыг дэмжсэн гадаад орнуудын 31 албан тушаалтанд визийн хориг тавьжээ. Ингэхдээ улсуудын нэрийг дурдаагүй байна.

Эх сурвалж: Associated Press

Бусад мэдээ

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments