“Уул руу авирах нь хэцүү ч цаст оргил дээрээс байгалийг харах мэдрэмж хамгийн сайхан байсан”

Хүүхэд, залуусын сонирхлыг нэгэнт татсан спортын нэг төрөл болох скейтбоардингоор хичээллэдэг, Монголын “Uukhai” Скейтбоард холбооны үүсгэн байгуулагч Чинзоригийн Анхбаяр, Батаагийн Одмандах нарын мөнх цаст оргилд хийсэн авиралт, тэрхүү авиралтаар скейтбоард, сноубоардын ялгаа ямар байсан, мөн скейтбоардын талаар ярилцлаа.

 

-Саяхан авиралт хийгээд ирсэн мөнх цаст оргилын талаар яриагаа эхэлье. Яагаад явах болов?

-Ч.Анхбаяр: “Uukhai”-хан зун бөөндөө аялдаг. Өнгөрсөн жил Tino гээд найз биднийг та нар Алтай Таван Богд уулын Малчин оргил руу аялаач гэж хэлж байсан. Гэхдээ бид хоёр л явах шив дээ. /инээв/

-Б.Одмандах: Tino гээд скейтбоардаас гадна уулын спорт хичээллэдэг, хаданд авирдаг гээд олон янзын спортоор хичээллэдэг найз бидэнд санал болгож цаст ууланд гарч үзлээ. Манай Ч.Анхбаяр өвөлдөө сноубоардаар хичээллэдэг. Миний хувьд уул руу гарч өөрийгөө сорьж үзье гэсэн бодолтой явсан.

-Авсан мэдрэмжээсээ хуваалцаач?

-Ч.А: Бидний төлөвлөж байснаас хол зөрсөн. Гэхдээ одоо бодоход дурсамжтай санагдаж байна.

-Б.О: Уулын спортыг экстрим гэж боддоггүй байсан. Скейтбоард өөрөө “хотын” гэж явдаг. Хотод байдаг ямар нэг зүйлийг ашиглаж үзүүлбэрээ үзүүлдэг. Уул гэхээр өөр болчихсон. Цастай болохоор унахад гайгүй байлгүй дээ гэж бодож байсан. Гэтэл сая явахдаа уулын спортоор хичээллэдэг хүмүүсийг хүндэлдэг болсон. Оргил өөд мацаж ядарсан ч гэсэн оргилоос байгалийг харахад хамгийн сайхан мэдрэмж авсан.

-Манайд скейтбоард, сноубоардын хөгжлийг харьцуулбал хэр байгаа бол?

-Б.О: Харьцуулахад хэцүү. Бидний хувьд зориулалтын талбайгүй. Харин сноубоардын хувьд Скайрезорт ороод хичээллэх боломжтой. Бас скейтбоардоор гудамж талбайд гулгаад явахаар чимээтэй байна гэх зэргээр хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг.

-Ч.А: Харж байхад, Скайрезортод хичээллэгчдийг хувьд үсрэх тавцан зэрэг хэрэгслүүд байхгүй болохоор Монголоосоо өөр улс оронд очоод тэмцээн уралдаанд оролцоно гэвэл бас хэцүү юм билээ.

-Хэрэв зам байвал скейтбоардоос уулнаас гулгаж болох уу?

-Ч.А: Болно. Downhill гээд тусдаа урсгал байгаа.

-Б.О: Скейтбоард дотроо олон төрөлтэй. Street, park freestyle гэдэгтэй адил downhill гээд уулын машин замын уруу гулгадаг. “Longboard” гэсэн энгийн скейтбоардоос том, зөөлхөн дугуйтай скейтбоард байдаг. Сноубоард шиг хурдалдаг байх шүү.

-Оргил руу гарч байхад хөгжилтэй зүйл тохиолдсон байх. Түүнээсээ хуваалцаач?

-Олон юм тохиолдсон шүү. /инээв/

-Аль нэг онцлохыг нь хуваалцвал?

-Ч.А: Манай жолооч ах яагаад ч юм хэд хоног алга болчихсон. Тийм болохоор танихгүй айлд хэд хоносон.

-Б.О: Бид жолооч ахындаа эхэлж буудаллаад цаашаагаа явсан. Уг нь иймэрхүү газар руу хөтөчтэй явдаг юм билээ. Харин бид тэгж яваагүй… Тэндээс цаашаа 18 км алхаж кэмп дээрээ хоноод оргилд хүрэх төлөвлөгөөтэй байсан. Жолооч болохоор нэг л хонодог гэж хэлсэн. Тэгэхээр нь бидэнд хүнс байсан ч гэсэн ганц хоногийн хүнстэй явсан. Гэтэл явах замд цасан шуурга болоод, мөндөр ороод бидний төлөвлөгөө нэг өдрөөр хойшилсон. Сүүл рүүгээ хүнсгүй болоод /хоёулаа инээв/ өлсөөд, даараад, бас орчиндоо тохиромжгүй майхантай явсан байсан. Ууланд салхи ихтэй болохоор намхан майхантай явдаг юм билээ.

-Б.О: Ч.А: Арай гэж л эсэн мэнд ирсэн дээ. /инээв/

-Аяллын турш ямар дуу сонссон бэ?

-Ч.А: Яаж байгаад ч юм, DZMan “Хайр гэж юу юм бэ” гэсэн тэр дууг их сонссон. /инээв/

-Б.О: Миний утсан дээр байсан дуунуудыг ээлжилж сонсож байгаад тэр дууны ээлж ирээд нэг удаа явсан чинь бөөнөөрөө ийм дуу байдаг билүү гээд “носталжик” болоод их сонссон. Анх сонсоход жоохон хүүхдүүд байсан. /инээв/

-Дахиж мөнх цаст уул руу авиралт хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа юу?

-Ч.А: Бид хоёр Монгол Улсын хамгийн өндөр цэг, Алтай Таван Богд уулын Хүйтэн оргил руу ирэх жил авиралт хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа.

-Танай холбооны гишүүдээс явах уу?

-Б.О: Хэлж сайн мэдэхгүй байна. Ч.Анхбаяр бид хоёрын уулын орой дээр авсан мэдрэмжийг мэдрээгүй учраас явах үгүйг хэлж мэдэхгүй байна. Хүйтэн оргил бусад таван оргилоос тоног хэрэгсэл шаардахгүй авирч болох ганц нь юм билээ.

-Ч.А: Хүйтэн оргил Малчин оргилоос хүнд гэж байсан.

-Аяллынхаа сонирхолтой үйл явдлыг хуваалцаж ярилцсанд баярлалаа. Та хоёрт амжилт хүсье.

Э.МИШЭЭЛ

Аяллын зарим зургуудаас:

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments