СУРВАЛЖИЛГА: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эрх мэдлээрээ далайлгаж, 130 гаруй айлын эрхийг ЗӨРЧИЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшлийнхээ газарт 25 давхар таван блок орон сууцны хотхон барьж эхэлсэнд тухайн орчим амьдардаг иргэд, оршин суугчид гомдолтой байна. Уг барилга Сүхбаатар дүүрэг, Циркийн баруун урд байрлах “UB central residence” барилгын сууринаас ердөө дөрвөн метр хүрэхгүй зайд баригдаж буй бөгөөд тухайн хэсгийн блокын 130 орчим айлын нарыг хаах, тоос шороо хөдөлгөх, их дуу чимээ гаргах, цаашлаад барилгын аюулгүй байдал, даацын хануудад цууралт өгөөд эхэлсэн байна.

-ОРШИН СУУГЧ: ОБОЙГОО СОЛИХДОО ХАНУУД ЦУУРАЛТ ӨГСӨН БАЙГААГ ХАРСАН- 

Энэ тухай байрны оршин суугчаас тодруулахад:

“Барилгын дүрэм, норм мөрдөөгүй барилгаас болж олон иргэд хохирч байна. Хүүхдээ ч агаарлуулж чадахгүй болсон. Нар, салхи хаагаад 24 цагийн турш нүжигнэсэн их чимээнд нь ядарч, хүүхэд хөгшид ч гэр орондоо тайван амарч, сууж чадахгүйд хүрээд байна. Түүнээс гадна саяхан манайх санаандгүй обойгоо норгоод, барилгын компанид хэлж солиулахаар болсон юм. Обой хуулахад ханууд цууралт үүссэн байгааг харсан. Сайн анзаараад харвал манай обойны өнгө өөр байгаа. Норгосон учраас тэр юм. Зарим айлын цонхны шилүүд хагарсан, хануудад их хэмжээний цуурал үүссэн гэж байна. Үнэндээ л тайван амьдрах арга алга. Мэргэжлийн хүмүүс нь тоохгүй юм билээ” гэв.

Харин өөр нэг оршин суугч:

“Ийм хууль бус барилга бариад байна шүү дээ гээд цагдаа дуудахаар цагдаа нь ирж үзээд, энэ барилгын тусгай зөвшөөрөлтэй байр гээд л тоохгүй яваад өгчихдөг. Цонхон талын кран хэзээ хана, цонх цөм цохиод ороод ирэхийг таашгүй юм. Мэргэжлийн хяналтын хүмүүс ч гэсэн тоомжиргүй хандаад, хэцүү байна” гэв.
-ҮГ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ИРГЭНИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХҮЧ ХЭРЭГЛЭН АВЧ ЯВСАН- 
Иргэдийн аюулгүй байдал, тав тух удаа дараа алдагдсаар байсанд хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудаж, үг үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг цагдаагийн албан хаагч биед нь халдаж, барьж явсан тухай оршин суугчид хэлж байлаа. Мөн дуу чимээ, тоос шороо, аюулгүй байдал алдагдаж буйд оршин суугчид нь удаа дараа мэргэжлийн байгууллагуудад хандсанд нэг нэг рүүгээ асуудлыг шидсээр шийдэлд хүрч чадахгүй байна.
Барилгын дүрэм, норматив зөрчсөн барилгын зөвшөөрлийг өгч, энэ мэт иргэдийн эрх, ашгийг зөрчсөн асуудлууд цөөнгүй. Тэрбээр БЗД-ийн 26-р хороонд байрлах “Энканто” хотхоны “Оргил” худалдааны төвийн урд байрлах явган хүний зогсоолыг авто зогсоол болгон ашиглаж байсан нь шүүхээр тогтоогдож, нийтийн эзэмшлийн талбай болгож байсан юм. Энэ мэт олон үйлдэлд зөвхөн өөрийн эрх ашиг, эрх ямбаар түрүү барьсан Ж.Ганбаатар гишүүн хууль, дүрэм журам, иргэдийн эрх ашиг гэх ойлголтыг мэддэггүй бололтой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments