Хужирт сумын Засаг дарга Т.Баярмөнх  унаач хүүхдийн амиар “наадсан”  хэргээ хав даржээ 

Монгол Улсад хүний эрхийн зөрчил хаа сайгүй байгаагийн дотор унаач хүүхэд эрүүл мэнд, амь насаа хамгаалуулах , хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх эрх ноцтой зөрчигдөж ирсэн. 

Сүүлийн жилүүдэд уг асуудалд төрийн байгууллага, хүний эрхийн байгууллага, иргэд олон нийт ихээхэн анхаардаг болсон нь  ахиц дэвшил авчирч буй. Гэвч  унаач хүүхэд  уралдааны явцад эрүүл мэнд, амь насаараа хохирох  асуудал тасрахгүй  байна.

Тодруулбал зургадугаар сарын 30-ны өдөр   Өвөрхангай аймгийн Хархорин сумын Дэнж хэмээх газарт болсон Төмөртэй хайрханы тахилга наадмын үеэр их насны морь  унаж байсан 10 настай  хүү  мориноосоо унаж  амиа алджээ.

Талийгаач хүүгийн унаж явсан морь Хужирт сумын Засаг  дарга Т.Баярмөнхийнх аж.

Ж.ЭНХ-АМАР: ХҮҮГИЙН УНАЖ ЯВСАН МОРЬ ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.БАЯРМӨНХИЙН НЭР ДЭЭР БАЙСАН 

Бид  Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын   даргаар ажиллаж байсан Ж.Энх-Амараас тодруулахад “Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Хархорин сумын зөвшөөрөлтэй Овооны тахилгатай наадам болсон. Энэ үеэр эмнэлгийн баг, хүүхэд хамгааллын баг хамтарч ажиллаж байсан. Наадмын уралдааны морьд гараанаасаа гараад удалгүй талийгаач хүүгийн унаж явсан  морь үлийнд  бүдэрч  хүүхэд мориндоо даруулсан.

Тухайн үед эмнэлгийн баг  анхан шатны үйлчилгээ үзүүлээд шууд Хархорин сумын эмнэлэг рүү авч явсан боловч замдаа амьсгал хураасан. Хүүгийн унаж явсан морь Хужирт сумын засаг дарга Т.Баянмөнхийн нэр дээрх морь байсан” гэлээ. 

 

 

Унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд  орохоос сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Хүүхэд хамгааллын хамтарсан баг үүрэг хүлээн ажиллаж буй.  Дээрх осол Хархорин сумын нутаг дэвсгэрт гарсан учир Хамтарсан багийн ахлагч сумын засаг  дарга анхаарал хандуулах ёстой. Тиймээс Хархорин сумын Засаг  дарга Г.Одгэрэлээс тодруулахаар холбогдоход “Ажлын цаг дууссан   байна. Бас  бичиг цаасаа харж байгаад  маргааш мэдээлэл өгье” гэснээр 2022 оны 8-р сарын 24-ний өдөр  дахин холбогдсон юм. 

Тэрээр   “Төмөртэйн тахилга наадмыг  Хархорин сумын харьяат  гурван иргэн зохион байгуулсан. Тэр наадмын үеэр их насны морьдын уралдаанд хоёр хүүхэд унаж, нэг нь эндсэн.  Хамгаалалтын хувцас иж бүрэн өмссөн байсан. Нөгөө унасан хүүхэд нь Бүрд сумын хүүхэд байсан. Хөл нь гэмтээд эмнэлгийн  тусламж үйлчилгээ авсан. Тухайн их насны морьдын уралдаанд 130 морь, 13 км зайд уралдсан. Гараанаас гарах үед эхний морьд сүүлийн морьдыг дайрч хүүхэд эндсэн. Тухайн хүүхэд “Бодь” даатгалд даатгуулсан байсан. Даатгалаас хохирол барагдуулах талаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн” гэлээ. 

Засаг дарга Т.Баярмөнх хүүхэд амиа алдсаны  дараа морио өөр хүний нэр дээр шилжүүлжээ 

Хар хорин сумын Засаг  дарга Г.Одгэрэлийн өгсөн мэдээллээр  хүүхдийн амиар “наадсан” Засаг дарга Т.Баярмөнх асуудлаас мултрахын тулд морио Б гэдэг хүн рүү  шилжүүлсэн нь илтэд тодорхой байв.

Төрийн ажил хийх үүрэгтэй том жижиг албан тушаалтнууд  хурдан моринд хошуурч, нэр дээрээ уралдуулах мода  дэлгэрсэн. Дээрх мода-ийг Засаг  дарга Т.Баярмөнх ч дуурайж, төрийн ажил хийх цагаа морь манаж хоноход зарцуулж явснаа өөрөө илчилсэн байв. Түүнчлэн хүүхэд амиа алдсан наадамд морио өөрийнхөө нэр дээр зарлуулж, уяачийн дүрдээ бат итгэн явсныг  нутгийнхан ч,  албаныхан ч  баталж байна.

Гэвч эрхэм Засаг дарга Т.Баярмөнх хүүхэд амиа алдсаны дараа  морио өөр хүний нэр дээр шилжүүлэн, олны хэл амнаас эмээхдээ дээрх морио дахин уралдаанд оруулаагүй байна. 

 

Тайлбар: Засаг дарга Т.Баярмөнх 2022.06.19-нд  буюу наадам болохоос 10 хоногийн өмнө сойсон морио манаж хоносон тухайгаа хуваалцжээ 

Т.БАЯРМӨНХ: ЧАМД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АЛБАГҮЙ   

Бид Хужирт сумын Засаг  дарга Т.Баярмөнхөөс дээрх асуудлаар утсаар холбогдоход дараах тайлбарыг өглөө. 

-Таны нэр дээрх морийг унаж   байсан хүүхэд  уралдааны  үеэр унаж, амь нас нь хохирсон байна. Та  энэ асуудалд мэдээлэл  тайлбар өгөхгүй юу? 

– Наад морь чинь миний нэр дээр байсан юм.  Энэ жил манай уяач л уяад яваад байгаа. Би  ажил  төрөлтэй учраас ойртоогүй л хүн дээ. Энэ ямар учиртай асууж байгаа юм. 

-Бид холбогдох албаныхнаас мэдээллийг тодруулсан. Таниас тодруулахаар  залгаж байна. 

-Наадах чинь ямар үр дүнтэй мэдээлэл юм? 

-Унаач хүүхдийн эрүүл мэнд амь насны асуудал яригдаж байна. Бид үүргээ биелүүлж ажлаа хийж байна? 

-Миний нэр дээр байсан морь бол биш. Уяач залуугийн нэр дээрх морь. / Хэдэн хормын өмнө хэлсэн үгээ үгүйсгэв/ Эндсэн хүүхэд манай уяачийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм.

 Тэднийхэн бөөн  уй гашуу байгаа. Ийм мэдээллийг тавиад  байх нь зүй зохистой юу? 

-Таныг хүүхэд эндсэний дараа морио өөр хүн рүү  шилжүүлсэн гэдэг мэдээлэл авсан? 

– Хаанаас тийм мэдээлэл авах уу. Чамд би мэдээлэл өгөх албагүй…. Утсаа таслав. 

 

Унаач хүүхэд амиа алдсан тухай тоо мэдээллийг холбогдох төрийн байгууллагууд зөрүүтэй мэдээлж,  олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан.

Хүний эрхийн байгууллага, цагдаа, төрийн байгууллагын мэдээлэл ийн зөрүүтэй байгаа нь зарим  сунгаан, овооны наадам, сумдын бүсийн наадам зэрэг бүртгэлгүй жижиг  морин уралдааны үеэр унаач хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон мэдээллийг нуун дарагдуулахыг оролдох,   ар гэртэй нь тохиролцох замаар асуудлаас мултрах зэрэг хүнлэг бус  үйлдэл гарсаар байна.  

С.ОТГОН 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
ммм
ммм
1 year ago

Нууц амрагаа ИТХ-н дарга болгоно тэрэндээ Тендерээр Ланд-200 авч өгнө яаасан балагтай даргатай сум бэ энэ ХУЖИРТ чинь

Last edited 1 year ago by ммм