П.Очирбат: Эгийн голын усан цахилгаан станцыг барих үгүйг  эцэслээд шийдчихсэн юм биш 

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хөдөлгөх нь томоохон зорилт болоод буй. Энэ зорилтын томоохонд  Эгийн голын усан цахилгаан станц багтаж буй. 

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцох үеэрээ энэ талаар дурдаж Эгийн голын усан цахилгаан станцаа барихаа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтынхаа үеэр энэ талаар ярилцсан гэгдэж буй. Эл үйл явдалтай холбоотойгоор   олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц баригдах  нь гэдэг хүлээлт үүсээд буй.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбаттай   цөөн  хором уулзах үеэрээ  дээрх асуудлаар байр суурийг нь сонирхлоо. 

-Таныг Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж, салбарын бодлогыг хэрэгжүүлж байх үед  Эгийн голын усан цахилгаан станц  барих асуудал яригдаж байсан.  Чухам ямар шалтгаанаар тэр цаг үедээ энэ төсөл яваагүй юм бол? 

-1980-аад оны эхээр  Англи улс хийн хоолой, нефтийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах   шугам гэсэн 3  томоохон төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж  байсан. Шаардагдах хөрөнгө оруулалтын 40 хувийг Англи өөрөө, үлдсэн 60 хувийг Орос, Хятад  30 30 хувийг санхүүжүүлж, Монгол  Улс газар нутгаа ашиглахыг зөвшөөрөх тухай асуудал яригдсан. 

Дөрвөн өөр   улсын сонирхол,  шийдвэрээс хамааралтай тус төсөлд Монгол Улс, ОХУ, Англи улс дэмжих байр суурьтай байсан бол БНХАУ  зөвшөөрөөгүй. Ингээд энэ төсөл ярианы түвшинд олон жил явсан. Манайх  зурагдсан пянз шиг  хурал болгонд л энэ асуудлаа ярьж хэлсээр өдий хүрсэн. 

Өнөөдөр бол Орос, Хятад хоёрын сонирхол   нийлж,  аль 1980-аад оноос яригдаж эхэлсэн  шугамыг татах тухай ярьж эхэлж байгаа юм. Гэхдээ ганцхан хийн хоолойг нь. 

Тухайн үед Хятад ганцаараа  зөвшөөрөөгүй шалтгаан нь юу байж таарах вэ?

– Монгол Улсын нутаг дэвсгэрээр  дайран өнгөрөх  1600 км  шугамын аюулгүй байдалд санаа зовсон болов уу. Өөрөөр хэлбэл Монгол Улс   хэд хэдэн улсын эрх ашигтай холбоотой урт  шугамыг найдвартай хамгаалж чадах эсэхэд эргэлзсэн байх талтай. Тэр үед Хятадад дургүйцэх хандлага  ч нийгэмд их байсан. 

Цахилгаан  шугамын тухайд Хятад талаас  Монгол Улс  системийн хувьд горим тогтворгүй шугаманд байнга хэлбэлзэл гарах хүндрэлтэй гэж үзсэн. 

Манай зүгээс 500 МВт-ын  тогтмол гүйдлийн шугам татчих, бид дээгүүр нь 60 МВт-ын чадал дамжуулах шугам   татъя, та нарын шугаманд оролцохгүй, шонг нь ашиглая” гэдэг хувилбар ч  яригдаж байсан. 

Монгол Улс өнөөдрийг хүртэл Оросоос 220 кВт-ын шугамаар цахилгаан авахдаа  140-150 МВт-ын чадал байрлуулчихаад  манай систем доголдох юмуу чадал дутах үедээ нэмж авч байна.  Тодруулбал тэнд чадал хадгалуулж, шаардлагатай үедээ авч байгаагийнхаа төлөө 2  давхар төлбөр Оросод төлж ирсэн. Одоо ч дотоодын цахилгаан чадал хүрэхгүй байгаа учраас  Оросоос авах цахилгааны хэмжээ  нэмэгдээд л байна. 

-Эгийн голын усан цахилгаан станцаа одоо л барих нь гэдэг найдлага салбарт ч, олон нийтийн дунд ч бий болж. Үнэхээр Оросын талтай учраа ололцох болов уу? 

-Миний  дээр ярьсан зүйлс бол бодитой, ярьж хөөцөлдөж байсан асуудал. Тухайн үедээ тэр  урт шугамнуудыг Монгол Улсын нутаг дэвсгэрт барих нь  олон талын эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд Хятад бэлэн биш байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Эрчим хүчний дипломат гэж ч нэрлэдэг. Монгол Улс бол Эрчим хүчний дипломатыг их муу мөрдсөн улс. 

Эгийн голын усан цахилгаан  станц, Шүрэнгийн цахилгаан станцыг барьж байгуулах талаар 1980-аад оны Зөвлөлтийн Эрчим хүчний яам татгалздаггүй. Тэр байтугай ТЭЗҮ хийж, усан цахилгаан станцын  институтэд  үүрэг даалгавар өгч  зураг төслийг нь хийсэн түүхтэй. Сүүлд нь байгаль экологийн асуудал хүчтэй тавиад эхэлсэн. Тэр үеэс “Эгийн гол усан цахилгаан станц нь Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байна. Тиймээс  Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр хамтарч ажиллах нь бүү хэл ерөөсөө  барих асуудал байхгүй” гээд  огт  дэмжихээ больсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа  байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн  үнэлгээ хийлээ шүү дээ. 

Хоёр  жилийн өмнөөс НҮБ-д хандаж  экологийн үнэлгээг  хамтарч хийхэд туслаачаа гэдэг хүсэлт тавьсан. Ингээд тэдний оролцоотойгоор экологийн үнэлгээ хийхэд Байгаль нуурт нөлөөлөх ноцтой үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг  дүгнэлтэд хүрч байгаа.

Энэ бол НҮБ-ын мэргэжилтнүүдийн  хийсэн дүгнэлт болохоос Оросын  Байгаль нуурын экосистемийг хамгаалах  чиглэлээр баримталдаг үзэлтэй нийцэж байна гэсэн  үг биш. Бүр  тодорхой хэлбэл Оросын талаас асуудал бүрэн шийдэгдээгүй  яваа. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй.

Тэгэхээр эргэлзээтэй гэсэн үг үү? 

-Би үзмэрч биш, яаж мэддэг юм. Эцэслээд шийдчихсэн   юм  байхгүй.  Яаж ч болно. 

Сануулахад анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатаж  2013 онд ЭГУЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байжээ. 

2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан юм. Өнгөрсөн хугацаанд Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА- тай хамтарч судалгаа хийж, олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгааг ч хийлгэж буй.   Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм. 

С.ОТГОН 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments