С.ЗУЛПХАР: “Монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийг бэлтгэж эхлээд байна

Дэлхийн сонсголгүй иргэдийн холбооны санаачилгаар 1958 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногийг “Олон Улсын сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах долоо хоног” болгон тэмдэглэж ирсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дахь хуралдаанаар жил бүрийн 9 дүгээр сарын 23-ны өдрийг “ОЛОН УЛСЫН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ӨДӨР” болгохоор 2017 оны 12 дугаар сард шийдвэрлэсэн.

Ийнхүү НҮБ-ын гишүүн орнуудыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд дохионы хэлний талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар Олон улсын дохионы хэлний өдрийг зохих ёсоор тэмдэглэхийг уриалсан билээ.

Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийн ажлын хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг, кампанит ажил, үзэсгэлэн зэрэг сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж гэр бүл, үе тэнгийнхэн, төрийн болон төрийн бус байгууллага, дохионы хэлний мэргэжлийн хэлмэрчдийн  оролцоотойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Манай улс 2009 оноос жил бүр Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоотой хамтран “Дохионы хэл биднийг нэгтгэнэ” уриатайгаар 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үндэсний статистикийн 2021 оны тоо мэдээгээр манай улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 8.4 мянга нь сонсголын бэрхшээлтэй, 4.8 мянга гаруй нь хэл ярианы бэрхшээлтэй иргэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Монголд дохионы хэл бол албан ёсны хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос санаачилсан “Монгол дохионы хэлний хууль”-тай болох асуудлыг Монгол Улсын Засгийн газраас дэмжин ажиллаж байгаа нь  эдгээр иргэдийн эрхийг хангах, цаашлаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол дохионы хэлний хуультай болсноор дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдыг  бэлтгэх, улмаар сонсголын бэрхшээлтэй иргэдийн бусдын адил нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр ашигтай оролцох боломж, нөхцөл бүрдэх юм.

Энэ хүрээнд манай яамнаас хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн бэлтгэж эхлээд байна.

Түүнчлэн манай яамнаас төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор “Зайнаас зөвлөн туслах төв”-1800-0724, “Duudlaga.mn”-д дохионы хэлмэрчийн үйлчилгээг нэвтрүүлж, сонсголын бэрхшээлтэй иргэд видео дуудлагаар дохионы орчуулагчтай шууд холбогдож, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийг авах нөхцөлийг бүрдүүллээ.

Одоогийн нөхцөл байдалд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд амьдралын бүхий л үе шатанд хүртээмжтэй орчин нөхцөл хангалттай бүрдээгүйн улмаас нийгмийн амьдралд оролцох боломж нь хязгаарлагдаж байна. Иймд бид салбар хоорондын уялдаа холбоог хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхой болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийн анхдагч төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Хүний эрхийг дээдэлсэн, түгээмэл загварт суурилсан хамтын нийгмийг бүтээхийн төлөө гар бие оролцож, бидэнтэй хамтран ажилладаг иргэд, төрийн бус байгууллага Та бүхэндээ “Олон улсын дохионы хэлний өдөр”-ийн мэнд хүргэе.

Цаг үеэ олсон ийм чухал ажлыг зохион байгуулсан Та бүхэнд талархал илэрхийлье.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД С.ЗУЛПХАР

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments