ОУ-ын Парламентын Холбооны хуралд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг илтгэл тавилаа
Олон Улсын Парламентын Холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан 3 дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүд уг цахим хуралдаанд оролцож буй бөгөөд /2021.04.29/-ны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Цар тахал дэлхий дахины тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, ажлын байрны тэгш бус байдал, цахим хуваагдалт, вакцинжуулалт, цар тахлын сөрөг нөлөө эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд хүндээр нөлөөлж байгааг онцлов.
Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, зохистой цалин хөлс, татварын шударга тогтолцоо зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж чадаагүй улс орнууд Ковид-19 цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдэж байна. Тийм ч учраас улс орнуудын төр, засаг цар тахлаас сургамж авч, шударга тогтолцоо, хүнлэг нийгмийг бий болгох ёстойг тодотголоо.