Ханхүү Харри вакцины тухай өөрийн үзэл бодлоо илэрхийллээ
Хөгжмийн урлагийн алдартнууд болон улс төрийнхөн хамтран зохион байгуулсан Vax Live Concert өчигдөр болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаа нь вакцинжуулалтын идэвхижүүлэх, боломж бололцлоо дутмаг байгаа хүмүүст хандив тусламж цуглуулах, нийгэмд вакцины тухай бодлыг эерэгжүүлэх зорилготой юм.
Тухайн арга хэмжээний дундуур хэдий хэргэм цолоосоо татгалзсан ч ард иргэдэд итгэл үнэмшлийг төрүүлэхүйц, хайр хүндлэлийг нь хүлээсэн хэвээр буй Ханхүү Харри тайзан дээр 10 гаруй минутын үг хэллээ. Түүний бүтэн илтгэлийг хүлээн авна уу.
“Бид өнгөрсөн нэг жилийн турш үнэхээр зоригтойгоор тэмцэж, өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалах гэж эрсдлийн дундуур алхлаа. Өнгөрсөн нэг жилийн турш ингэж тэмцэж, бусдын төлөө хичээж ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөн вакциныг үйлдвэрлэгч, зохион бүтээгч нартаа ч баярлалаа.
Гэвч яг одоо бид хамгийн чухал үе дээрээ ирчхээд байна. Вируст өвчин эрээ цээргүй гаарч байгаа энэ цаг үед дэлхий нийтээр дархлаажуулалтад хамрагдаж, шударга тэгш хуваарьлалт хүртэх ёстой. Үүний төлөө бид хамтран нэгдэхгүй л бол тахалт өвчин дуусахгүй.
Яг одоо дэлхий даяар зовж шаналж буй бүх хүний төлөө бид ч бас санаа зовох хэрэгтэй. Бусдын зовлон надад хамаагүй гэх үзэл энэ удаад бидэнд зохихгүй үе ирээд байна. Тиймээс бид бүгд өнөө орой нэгдэж, дэлхий дээрх сая сая гэр бүлүүдийн төлөө маш том ажил хийж байна. Бидний энэ уриалал, хандив тусламж, хичээл зүтгэл хожим нэг өдөр түүхэнд бичигдсэн байх болно оо.
Бүтэн нэг жилийн турш өвдөж зовсон хүн төрөлхтөн одоо л нэг эдгэрч, сэргэх боломжтой болж байна. Хүн бүр энэ хамгааллыг хүртэж, эдгэрч, дархлаажих эрхтэй бөгөөд дэлхийн бүх улс оронд вакцины хангамж эрх тэгш болсон үед сая л бидний санаа амрах учиртай. Хамгийн чухал нь эрх тэгш, тэнцүү хуваарьлалт юм.”
Уг илтгэлийнхээ үеэр тэрээр сэтгэл хөдлөл, биеийн хэлэмжээ огтхон ч чандлан бариагүй бөгөөд зоригтой, шийдэмгий, хүчтэйгээр яриагаа дуусгажээ.
Дэлхий даяар вакцины хангамж маш сул, тэр ч байтугай гаднаас вакцин ер орж ирээгүй улс орнууд ч цөөнгүй байна. Олон хүн амтай улсуудын иргэд тэгш хуваарьлалт хүртэж, дархлаажиж чадахгүй байгаа нь ч мөн бодит байдал юм.
Харин энэ нөхцөл байдлыг хамтын хүчээр ялан дийлж, дэлхийн иргэн бүр эрүүл, аюулгүй амьдрах эрхийг бэлгэлэх гэж хичээсэн нөлөө бүхий арга хэмжээ ийн үргэлжилж байна.
Эх Сурвалж: www.people.com