Жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг агентлаг нь няцаав
Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн нэгт багтдаг Ким Су Хёны агентлагаас сүүлийн үед гараад буй мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал өнгөрсөн сард нас барсан жүжигчин Ким Сэ Ронтой жүжигчин залууг 2015 оноос хойш зургаан жилийн турш үерхэж байсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тухайн үед Ким Сэ Рон жүжигчин 15 настай буюу насанд хүрээгүй байсан бөгөөд энэ мэдээлэл олон хүнийг цочирдуулсан юм.
Хэдийгээр жүжигчин залуугийн агентлаг албан ёсны мэдэгдлийг ирэх долоо хоногт гаргана хэмээн зарлаад байсан ч худал мэдээллээс болж Ким Су Хёны сэтгэл зүй хүнд байгаа тул гаргасан гэжээ.
Gold Medalist агентлагийн мэдэгдэлд Ким Су Хён болон Ким Сэ Рон нар 2019 оны зун болзож эхлээд 2020 оны намар салсан гэв. Ким Сэ Рон нь 2000 онд, Ким Су Хён нь 1988 онд төрсөн тул тэдний харилцаа жүжигчин эмэгтэйг насанд хүрсний дараа эхэлсэн гэдгийг онцолсон байна.
Цахим сүлжээнд тарсан мэдээлэлд хоёр жүжигчний хамт авхуулсан зураг болон Ким Су Хёны цэргийн албанаас Ким Сэ Ронд бичсэн захидлын зургийг мөн ил болгосон.
Агентлаг тус зургийг 2019, 2020 онд авсан зураг гэсэн байна. Мөн захидлыг Ким Су Хён ойр дотнын найз нөхдөдөө илгээсэн захидлуудын нэг бөгөөд хайрын харилцаатай байсны нотолгоо биш гэж тайлбарлажээ.
Үүнээс гадна 2022 онд жүжигчин бүсгүй согтуугаар машин жолоодсон хэргээр олны анхаарлаас холдсон. Уг хэрэгтэй холбоотой 700 сая воны өрийн асуудлаар Ким Су Хён болон түүний агентлаг Ким Сэ Роныг дарамталсан гэх мэдээллийг мөн няцаав.
Gold Medalist агентлаг нь Ким Сэ Ронтой хамтран ажилладаг байсан бөгөөд түүний өрийн асуудлыг шийдвэрлэж өгсөн аж. Ким Сэ Рон өрөө барагдуулахаар хичээж, зарим төлбөрийг төлсөн ч үлдсэн мөнгийг төлөх боломжгүйд хүрсэн. Иймд жүжигчин эмэгтэйн төлж амжаагүй өрийг 2023 онд алдагдал болгон бүртгэсэн гэжээ.
Гэхдээ түүний торгуулийг дур мэдэн төлсөн, нэг жүжигчинд хууль бусаар давуу байдал олгосон гэж үзэх эрсдэлтэй байсан. Аудит түүний өрийг компанийн ажиллагааны зардал гэж хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай байсан учраас бид Ким Сэ Роныг өр төлөх чадваргүй байдалд орсныг нотлох шаардлагатай болсон. Харин үүнийг жүжигчин эмэгтэйг өрөө төл гэж дарамталсан мэт болж харагдуулсан гэсэн байна.
bs3tya