ТОЙМ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 боллоо
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЧЕХ, ПОЛЬШ УЛСУУДАД АЙЛЧИЛЛАА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болсон юм. Чех нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн юм. Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ.
Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар гарын үсэг зурсан.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцааны түвшнийг ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Иж бүрэн түншлэл нь хоёр улсын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулж, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм.
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛЭВ
Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн угсралтын ажил эхэлсэн. Тус төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн аваад байна. Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг дөрөвдүгээр сард хүлээн авна. Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхлэн.
Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөөд байна.
ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ, АРХАНГАЙ АЙМАГТ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАВ
Хаврын хуурайшилт эхэлж, ой хээрийн түймэр гарах нь эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл өгсөн. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрынн дарга, Хурандаа Ц.Нямбаяр, 2025 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Онцгой байдлын байгууллагад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг мэдээлсэн.
Монгол орны хавар, намрын цагт гарсан түймэр маш богино хугацаанд их талбайд тархдаг онцлогтой. Учир нь салхины хурд, хуурайшилт ихтэй байдагтай холбоотой. Энэ төрлийн түймрийг хүний оролцоотойгоор унтраахад маш өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс хөдөө орон нутагт зорчих иргэд, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, амьдарч буй иргэд, мөн нийслэлийн иргэд ч түймэр гарч болзошгүй жижиг гэлтгүй зүйлд онцгойлон сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 18 БОЛОВ
Хөдөө орон нутгаас 12 хүүхдээс сорьц авч илгээсэн. Үүнээс 3 тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы18 тохиолдол буртгэгдлээ.Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна.
Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна гэв.
ТҮРГЭНИЙ МАШИН АВТОБУСТАЙ МӨРГӨЛДӨЖ ОСОЛДОВ
Төв аймгийн Цагдаагийн газарт “Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин 45 хүний суудалтай том оврын автобустай мөргөлджээ.
Ослын улмаас Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн.
АХМАД ДАЙЧДАД ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ
1941-1945 оны аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой 2025 онд тохиож буй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-иар шагнасан юм.
Ойн медалийг уг дайнд гар бие оролцон зүтгэж явсан ахмад дайчдад олгодог онцлогтойг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков тодотгоод, ахмад дайчин:
- Намсрайн Пүрэвжалба
- Ундрахын Доржпалам
- Цэрэнгийн Чимэдцэрэн
- Гомбосүрэнгийн Шагдар
- Дорлигжавын Цанжид нарт ойн медаль гардуулж, баяр хүргэв.