Н.Энхбаяр: МАХН-ын гишүүдэд албан тушаал олгох тоо тохирсноос ХҮН тохироогүй
МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН өчигдөр Бага чуулганаа хуралдуулж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчгүй оролцох бөгөөд МАН-ыг дэмжиж оролцох шийдвэр гаргасан талаараа мэдэгдэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэж буй үйл ажиллагааны хүрээнд дундаа уриалга гаргаж, үүндээ үндэслэн гэрээ байгуулж байгаа. Энэ хүрээнд юун түрүүнд шинэ үндсэн хуультай болох, хоёрт байгалийн баялгийг ард түмний өмч болгох гэсэн зорилго тавьж буй. Нэгэнт хоёр нам нэгдсэн тул манай нэр дэвшигч ялах ёстой. У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө бүх шатанд идэвхтэй ажиллана. МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-ын найман хүн, Бага чуулганд 110 хүн оруулахаар тохирсон. Бид зарчмууд дээр тохирсон болохоос ямар нэг албан тушаал, нэр тохироогүй” гэлээ.