СУДАЛГАА: Төрийн албан хаагчдын 46.3 хувь нь монгол бичиг ашиглахад БЭЛЭН БИШ гэжээ
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ын хүрээнд монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа явуулжээ.
“Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны 2021 оны урьдчилсан дүн, үйл явцын мэдээллийг өнөөдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ҮСХ-ноос хамтран танилцууллаа.
Энэхүү судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдыг төрийн албаны ангиллаар нь харвал:
- 79 хувь нь төрийн үйлчилгээний
- 13.3 хувь нь төрийн захиргааны
- 4.9 хувь нь төрийн улс төрийн
- 2.8 хувь нь төрийн тусгай албан хаагч байжээ.
Албан тушаалын ангиллаар харвал:
- 63 хувь нь гүйцэтгэх
- 28.8 хувь нь туслах
- 8.3 хувь нь удирдах албан тушаалтан байсан аж.
ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Нийт судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд “бэлэн” гэсэн бол 46.3 хувь нь “бэлэн биш” хэмээн хариулсан. Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдаас харвал эмэгтэйчүүд илүү сайн мэддэг нь харагдсан. Үндсэндээ нийт төрийн албан хаагчдын 72.8% нь үндэсний бичгийн талаар мэддэг гэж хариулсан байсан” гэлээ.