Г.Занданшатар: Намынхаа бузар булхайг өөрсдөө шийд, намаа шинэчил
УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд Өрх толголйсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эхэллээ. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцуулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Туваан “УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр Монгол Улсын ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар ажлаа хийхээр ирсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байна уу. Машиныг минь оруулахгүй байна. Арай гэж алхаж орж ирлээ. Нэг намын дарангуйлал аль хэдийн тогтсон юм байна. Ард түмэнд хэлэх цаг болжээ. ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ. АН-ын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Гэтэл доороо тавих эсгий хүртэл булааж авлаа. Ийм дарангуйлал ирсэн байна.Та нарын яриад байгаа хууль дүрэм биелэгдэж байгаа чинь хаана байгаа юм бэ Занданшатар аа. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна шүү. Намын дотоод асуудал гэж байна. Нам дотроо хагараагүй гэдгийг бид үзүүлж байгаа. Та хэд харъяа агентлагаа оролцуулаад хуурамч тамга хийгээд эхлүүлсэн. Үүнийг мэдэхгүй тэнэг хүн байгаа биш” гэлээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг байгуулдаг. Гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. Харин энэ индэрийг буруу ашиглаж намынхаа дотоод зөрчлийг төрийн зөрчил, хямрал болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдлэх ёсыг зөрчиж байгаа үйлдэл мөн. Дотоод зөрчил хагарал тэмцлээ Монголын төрд нялзааж, хууль зөрчхийг шаардаж, ард түмнийг эмх замбараагүй байдал руу турхирч байгаа байдлаа зогсоохыг Ц.Туваан даргаас шаардаж байна. АН дотор эрх мэдлээ булаацалдсан, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж байна. Дотроо учраа ол. Танай намын дотоод асуудлыг бид яаж УИХ дээр шийдэх юм бэ. Нам дээрээ асуудлаа шийд, намынхаа бузар булхайг шийд, намаа шинэчил. Энэ асуудлаа төрд нялзаагаад байх шаардлага байхгүй” гэв.