“Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдын зуны амралт энэ сарын 8-наас эхэлнэ”
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулалтын талаарх шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр “Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу өнгөрсөн жил үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсрууллаа. Багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжлээ. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно.
- Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.08-ны өдрөөс 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна.
- 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой.Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.
- Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт зарлана.
- Эрт амарч байгаа тул 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье” гэлээ.