“ОЮУ ТОЛГОЙ” ХХК орон нутгийн иргэдийг ажилд нь эргүүлэн авсан хэмээн ХУУРЧЭЭ
“Хүний эрхийн дуу хоолой” уриатай ivoice.mn сайт “Оюу толгой” төслийн Ил уурхайн Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлтсийн 22 ажилтныг нэгэн зэрэг ажлаас халсан асуудлыг хөндөж байсан.
Эргэн сануулахад, “Оюу толгой” ХХК 2015 онд Өмнөговь аймагтай байгуулсан “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ”-ний дагуу 30 иргэнийг ажилд авсан. Гэтэл тендерт өөр компани шалгарсан гэдэг шалтгаанаар 22 хүнийг нэгэн зэрэг ажлаас халаад байгаа юм. Тодруулбал, Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлтсийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх тендерт ”Хишиг Арвин Индустриал” ХХК ялсантай холбоотой.
Ажлаасаа халагдсан Өмнөговь аймгийн иргэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Наранбаатар, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт хандан ажилд нь эргүүлэн томилуулахад анхаарч өгөхийг хүссэн ч үр дүнд хүрсэнгүй.
Иймд тэд 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Оюу толгой” ХХК болон аймаг Засаг даргадаа тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд орон нутгийн удирдлагууд нь холбогдох компани болох “Хишиг Арвин Индустриал” ХХК болон охин компани “Кэй Эй Рентал” ХХК-тай хуралдаж тодорхой 3 зарчим дээр тохиролцсон учир тэд өлсгөлөн зарлаагүй юм. Гэвч үүнээс хойш хатуу хөл хорионы дэглэм тогтоосон учир тодорхой мэдээлэлгүй байж байгаад Уул уурхайн нутгийн ээлж солилцох үед /2021.04.29/ “Хишиг Арвин Индустриал” ХХК- тай холбогдоход тэднийг ажилд авахгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Түүнчлэн Ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан менежер Девид Медорийн УИХ-ын гишүүдэд эдгээр ажилчдыг ажлын байраар хангасан гэж худал албан тоот мэдүүлсэн гэдгийг ажлаас халагдсан иргэд хэлж байгаа юм.
Иймд тэд цаашид хоногийн хоолоо залгуулахад хүнд болсон учир тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Оюутолгой компанийн үндсэн ажлын байраар хангах хүртэл энэ сарын 12-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлана гэдгээ “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөгч газрын менежер Д.Олжмэдэх, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, болон Аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.
Ажлаас халагдсан иргэдийн зүгээс орон нутгийн улирдлага болон “Хишиг Арвин Индустриал” ХХК энэ асуудлыг шийдэж өгч чадахгүй байгаа учраас одооноос зөвхөн “Оюу толгой” ХХК-тай ярилцана гэдгийг хэлсэн юм.
Өмнө нь нийтлэгдсэн эхний мэдээлийг ЭНД, дараагийн мэдээллийг ЭНД дарж уншина уу.