Ипотекийн 6% хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал ба цаашид 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах боломж, нөхцөлийн талаар” тавьсан асуулгын хариуг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас ирүүлжээ.
Асуулгын хариуд бичсэнээр, ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 363.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,972 зээлдэгчид олгосон. Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан 66.5 мянган зээлдэгчийн 3.26 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн гэрээг өөрчилж, зургаан хувийн хүүтэй болгох зөрүүнд 353.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай аж.
Цар тахлын хүнд үед их хэмжээний ачааллыг улсын төсвөөс хариуцах, дахин санхүүжүүлэх нь цаг хугацааны хувьд оновчгүй гэж үсэн байна.
“Монгол Банкны өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын ирээдүйд орж ирэх буюу жил бүр 350-450 тэрбум төгрөгийн эргэн төлөлт болон арилжааны банкуудын эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн асуулгын хариуд дурдсан байна.
Ингэснээр жилд 600-700 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх бөгөөд нийт санхүүжилтийн 30 хувиас багагүй хэмжээг орон нутгуудад олгох аж.