ОХУ-ын ерөнхийлөгч ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Жил бүрийн 5 дугаар сарын 9 бол Орос улсын хувьд Нацист Германыг ялж, энх тунх цагийг авч ирсэн ялалтын баярын өдөр билээ.Өнөөдөр уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд ялалтын баярын парад жагсах юм.
Энэхүү түүхэн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын удирдагчид, Абхаз, Өмнөд Оссетын удирдагчид, Гүрж, Украины ард иргэдэд мэндчилгээ илгээжээ.
“Дайны хүнд хэцүү он жилүүдийн тухай дурсамжийг марталгүй хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэх нь өнөөдрийн бидний ёс суртахууны үүрэг хариуцлага юм. Аугаа Эх Орны дайны үр дүнг өөрчлөн бичих, Нацистууд болон тэдний хань хамсаатнуудын үйлдсэн харгислалыг зөвтгөх зэргээр түүхийг гуйвуулах гэсэн аливаа оролдлогын эсрэг бид хамтдаа хатуу тэмцэх ёстой” гэж Путин мэдэгджээ.
“Дайнаар шалгагдсан ард иргэдийн уламжлалт, ах дүүгийн харилцаа хөрш улс орнуудын хамтын ажиллагааны үндэс суурь болдог” гэдэгт итгэлтэй байгаагаа Путин мэндчилгээндээ илэрхийлсэн байна.