Вакцин хийлгээд нас барсан цагдаа зүрхний стенттэй ЭСРЭГ ЗААЛТТАЙ байжээ
Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Увс аймгийн цагдаагийн газрын хоёр албан хаагч нас барсантай холбоотой асуултад тайлбар өглөө.
Тэрээр “Увс аймгийн цагдаагийн газрын харуулын ахлагч Л… 2016 онд зүрхний шигдээс гэсэн оноштойгоор зүрхэндээ стент тавиулахад хөдөлмөрийн чадвараа 70 хувийг алдсан гэж үзэн ажлаасаа гарсан. Жилийн дараа түүний биеийн байдлыг харгалзан ажлаа хийх боломжтой гэж үзээд ажилдаа буцаад орсон байсан.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа ба тэрээр зүрхний судасны нарийсалтай учир стент тавиулсан, вакцины эсрэг заалттай хүн байсан. Тус байгууллагын ажилчдад 2021 оны дөрөвдүгээр сарын 6-8-нд вакцин хийсэн ба вакцин хийж байсан эмнэлгийн ажилтнууд ийм оноштой хүнд заавал эмчийн зөвшөөрөлтэйгөөр вакцин хийнэ гэсний дагуу тэрээр 9-ний өдөр өөрийн эмчээсээ зөвшөөрлийн бичгээ аван вакцинаа хийлгэсэн юм билээ. Улмаар биеийн байдал хүндэрч гэртээ нас барсан гэсэн мэдээлэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Зүрхний судасны нарийсалтай учир стент тавиулсан, вакцины эсрэг заалттай хүн байсан.
Удаах иргэн нь тус байгууллагын мөрдөгч, талийгаач Ц юм. Хамт ажиллагсад нь түүнийг сүүлийн үед их турж байгааг хэлж байсан гэсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлэхэд дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэгтэй эмчлэгдэж байгаад нийслэлийн 1-р эмнэлэгт яаралтай шилжин хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Чихрийн шижин өвчтэй байсан. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй байгаа. Одоогоор шүүх эмнэлэг нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэх хариулт өглөө.
Хууль зүйн сайдын өгсөн мэдээллээр вакцины эсрэг заалттай хүнд вакцин тарьснаас амиа алдсан байх магадлал өндөр харагдаж байна. Эмнэлэг, цагдаа зэрэг олон хүнтэй харилцдаг төрийн байгууллагын албан хаагчдыг вакцинд бүрэн хамруулах зорилт тавьсан, босоо тогтолцоотой байгууллагад даргынхаа өмнөөс үг хэлэх эрх байхгүй зэрэг нь ийнхүү цаг бусаар амиа алдах эрсдлийг бий болгож байна.
Вакцин тариулахыг байгууллагуудад үүрэг болгох, тариулаагүй бол гадуурхах, эсрэг заалттай хүмүүсийг эмчийн хяналтгүй вакцинд хамруулж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.