АНУ өсвөр насныханд зориулсан Pfizer вакцинд зөвшөөрөл олголоо
Бүх нийтийн дархлаажуулалтыг илүү үр дүнтэй болгохын тулд АНУ 12-15 насны хүүхдүүдэд зориулан Pfizer компанид үйлдвэрлэсэн вакцинд зөвшөөрөл олголоо. Тус улсын Хүнс, Эмийн хяналтын алба (FDA) ийнхүү зөвшөөрөл олгосон нь Ковид19 цартахлын эсрэг тэмцэхэд чухал алхам болсон гэж мэдэгдэв. Хүнс, Эмийн хяналтын албаны тэргүүн, доктор Жанет Вудкок ” Өсвөр насныханд зориулсан вакцины бүх мэдээллийг нягт нямбай, нарийвчлан судалж үзсэн гэдэгт эцэг эх, асран хамгаалагчид итгэлтэй байж болно. Хүүхдүүдийг дархлаажуулснаар бид хэвийн байдалдаа хурдан эргэн орж, цар тахлыг зогсооход чухал түлхэц болно” гэлээ.
Эмнэлзүйн туршилтад 12-15 насны 2260 хүүхдийг хамруулахад 100 хувийн үр дүн үзүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден долоодугаар сарын 4 буюу Тусгаар тогтнолын баяраас урьтаж хүн амын 70 хувийг эхний тунд хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм