Нялх биетэй эхийн даралтыг нь үзэлгүй вакцин хийснээс нэг хоногийн дараа нас баржээ
Өчигдөр /2021.05.11/ “Ээж минь 2021 оны 5-р сарын 9-нд Хятад вакцины 1-р тунгаа хийлгээд маргааш нь буюу 5 сарын 10ны 21цаг 40 минутаас 22цагийн хооронд 44насандаа тэнгэрт халилаа. Ээж минь нялх биетэй (1сартай) хууч өвчин огт байхгүй. Вакцин хийсэн эмч нь төрөөд нэг сар болсон бол хийлгэж болно гэсэн. Гэвч ганцхан хоногийн дотор нялх дүү болон биднийгээ орхин одлоо” гэх мэдээллийг иргэн Н цахим хуудсандаа нийтэлсэн байсан. Бид иргэн Н-тэй холбогдож уг асуудлыг тодрууллаа.
Тэрбээр “Манайх ам бүл долуулаа. Аав, ээж, эмээ, нагац эгч, ах, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Гэтэл ээж маань амаржаад сар гаруйхан хоноод хятад вакцин хийлгэснийхээ дараа нас барчихлаа. Тавдугаар сарын 9-ний өдөр “Ээж нь вакцинаа хийлгэж болох болов уу, очоод асуугаад ирье гээд Долоон буудлын дээд талд байдаг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын байранд очсон. Ингээд “Болно гэхээр нь хийлгэчихлээ” гээд гэртээ ирсэн. Ээжийн даралт өндөр учраас даралтны эм уудаг байсан. Гэтэл даралтыг нь үзэлгүй вакцин хийсэн юм билээ. Ингээд маргааш нь 21.45 цагийн үед бие засахаар гарсан ч удаад байхаар нь араас нь гартал гадаа уначихсан байсан. Ээж минь ямар ч амьсгалгүй, хөдөлгөөнгүй болсон байсан. Ингээд Түргэн тусламж дуудсан. Тэд ирээд “хожимдсон байна” гэж хэлсэн. Ээж маань ямар нэгэн хууч өвчингүй эрүүл саруул хүн байсан учраас бид вакцин хийлгэснээс ийм зүйл болсон гэж бодож байгаа. Урьдчилсан дүгнэлтээр тархины цус харвалтын улмаас нас барсан гэж гарсан. 14 хоногийн дараа Шүүх шинжилгээний дүгнэлт гарна гэсэн” гэсэн юм.