“Оюу толгой” ХХК-аас халагдсан ажилчид өлсгөлөн зарлахаар жагссан ч цагдаа нар хүчээр тараажээ
“Оюу толгой” ХХК-аас халагдсан ажилчид үүрэгт ажилд нь буцаан томихгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ дагуу тэд өнөөдөр /2021.05.12/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төв талбайд жагсаж, өлсгөлөнгөө эхлүүлсэн боловч цагдаагийн алба хаагчид хүчээр тараасан байна. Тэднийг “уриа лоозон барьж жагсаж болохгүй, дахин төв талбайд ирж жагсвал баривчилна” гэжээ.
Эргэн сануулахад “Оюу толгой” ХХК 2015 онд Өмнөговь аймагтай байгуулсан “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ”-ний дагуу 30 иргэнийг ажилд авсан. Гэтэл тендерт өөр компани шалгарсан гэдэг шалтгаанаар 22 хүнийг нэгэн зэрэг ажлаас халаад байгаа юм. Тодруулбал, Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлтсийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх тендерт ”Хишиг Арвин Индустриал” ХХК ялсантай холбоотой.
Ажлаасаа халагдсан Өмнөговь аймгийн иргэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Наранбаатар, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт хандан ажилд нь эргүүлэн томилуулахад анхаарч өгөхийг хүссэн ч үр дүнд хүрээгүй учир ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа юм.