“43 настай эмэгтэйн эндсэн шалтгаан нь вакцинтай холбоогүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан”
Амаржаад удаагүй байсан хөхүүл эмэгтэй вакцин хийлгээд нэг өдрийн дараа нас барсан гэх мэдээлэл гарсан бөгөөд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэж ЭМЯ өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл ШШҮХ-ээс урьдчилсан байдлаар суурь өвчлөлөөс буюу тархины цус харвалтаас үүдэн амиа алдсан талаар дүгнэлт гаргасан гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ.
Тэрбээр “43 настай эмэгтэй нас барсанд маш их харамсаж байна. Тэрээр амаржаад 40 хонож байсан. Талийгаач энэ сарын 9-ний өглөө 10:46 цагт вакцинаа хийлгээд 10-ны 21:40 цагт нас барсан эмгэнэлтэй явдал тохиолдлоо. Эрүүл мэндийн нийт салбарынхны өмнөөс талийгаачийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Хөхүүл эмэгтэй вакцин хийлгэснээс болж нас барлаа гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Вакцины дараах урвал хүндрэлийн шалтгааныг тодорхойлох тусгай хороо ажилладаг. Тус хороо урвалуудын тохиолдлыг судалдаг ба энэ тохиолдолд задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар эмэгтэй нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдсон. Эцсийн хариу гараагүй байна. Цаг хугацааны хувьд вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна.
Талийгаач тархины суурийн судасны өмнөд артерийн салаалсан хэсэгт цүлхэнтэй байсан ба тэр нь хагарснаас болж тархины хоёр талт бөмбөлгийн бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Үүнээс болж нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Энэ нь халдварын бус эмгэгийн хувьд зүрх судасны шалтгаант нас баралтын нэгдүгээрт бичигддэг. 2019 онд энэхүү эмгэгээр хоёр эх эндсэн. Талийгаачийн хувьд сүүлийн жилүүдэд даралт ихсэх эмгэгээр хяналтад байсан ба жирэмсний түүхийн картад ч мөн энэ талаар бичсэн байсан” гэлээ.