Дархан хотод Засгийн газар 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав.
Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.
Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулвал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.