“Оюу толгой” ХХК”-аас халагдсан ажилчдыг өлсгөлөнгөө яаралтай зогсоохгүй бол албадан тараана гэжээ
Өчигдөр /2021.05.12/ “Оюу толгой” ХХК”-аас халагдсан ажилчид Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв талбайд өлсгөлөн зарлахаар цугласан ч цагдаагийн алба хаагчид уриа лоозонг хурааж, өлсгөлөнгөө зогсоохыг шаардсан. Гэсэн ч тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Гэтэл өчигдөр шөнө Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд тэднийг өлсгөлөн зарлахыг зөвшөөрөхгүй бөгөөд өнөөдөр 11:30 цагт хүртэл тарахгүй бол хүчээр тараана гэсэн мэдэгдэл өгчээ. Харин ажлаас халагдсан иргэд ажилд нь эргүүлэн томилох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
Эргэн сануулахад, Одоогоос 3 жилийн өмнө “Оюутолгой” компани орон нутгийн НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН иргэдийг ажлын байраар хангах тухай гурвалсан гэрээг тухайн үеийн аймгийн Засаг дарга /одоогийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар/, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй байгуулжээ. Гурвалсан гэрээний хүрээнд Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумдаа нийт 30 иргэн Оюутолгой төслийн ил уурхайн Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу Далан хэлтэст ажилд орсон байна. Тухайн үед дээрх ажлын байрыг “улирлын чанартай, 12, 1, 2-р саруудад зогсолт хийнэ” гэдгийг хэлсэн байна. Ингээд ажилтнууд энэ оны гуравдугаар сараас ажилдаа орохоор хүлээж байх хооронд буюу 2021 оны 2-р сарын 28-ны өдрөөр гэрээг дуусгавар болгож ажлаас халжээ. Ажлаас халсан шалтгаан нь Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлтсийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх тендерт өөр компани ялсан явдал юм.
Ажлаасаа халагдсан Өмнөговь аймгийн иргэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Наранбаатар, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт хандан ажилд нь эргүүлэн томилуулахад анхаарч өгөхийг хүссэн ч үр дүнд хүрээгүй юм. Иймд тэд “Оюу толгой” компанийн үндсэн ажлын байраар хангах хүртэл энэ сарын 12-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлана гэдгээ “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөгч газрын менежер Д.Олжмэдэх, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, болон Аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт мэдэгдэл хүргүүлсэн билээ. Тэдний зүгээс 3 хоногийн дотор хариу өгөөгүй учир ийнхүү өлсгөлөнгөө эхлүүлсэн юм.