УИХ 2023-2024 оны төсвийн төсөөллийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байхаар байна.

Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засаг дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий хоёр хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж Засгийн газар тооцжээ.

Мөн Засгийн газар Оюутолгойн далд уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, “Залуус” I, II, III хороолол, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж тооцсон байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив. Иймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан бөгөөд УИХ-ын нийт гишүүний 46 нь дэмжсэнээр хууль эцэслэн батлагдав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *