Х.Нямбаатар: Улсад 6,000 хяналтын камер байгаагаас 30 хувь нь ажилладаггүй
Баасан гарагийн /2021.05.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлжээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг хийв.
“Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээнд дүрс бичлэгийн теле хяналтын нэгдсэн систем байдаг. Камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлж, зөрчил болон эрүүгийн хэргийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд санхүүжилтийн эрх зүйн орчинг тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэхэд эерэг үр дүн гарах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа.
ЦЕГ-аас суурь судалгаа хийсэн. 2019 онд Стандартчилал, хэмжил зүйн төвөөс камерын нэгдсэн стандартыг баталсан. Манай улсад 6,000 гаруй камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй, 30 хувь нь шаардлага хангасан. Цагдаагийн байгууллага болон бусад судлаачид хамтраад гэмт хэрэг зөрчлөөс камер хэдэн хувиар хамгаалахыг судалсан.
Манай улсын хэмжээнд хилийн боомтоос эхлээд хурдны зам хот суурин газрууд, нийтийн эзэмшлийн талбайд ойролцоогоор 60 гаруй мянган камер суурилуулбал теле камерын хяналтын систем рүү шилжиж чадна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурна. Камерын нэгдсэн системийг огт нэвтрүүлээгүй. Программ хангамжийн хувьд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудад энэ камерын нэгдсэн систем байдаг.
Дүнгийн хувьд 300 гаруй сая долларын асуудал яригдаж байгаа. Торгуулийн орлогын 40 хувийг дүүргийн иргэдийн хурал өөрсдөө хуваарилдаг. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандарын дагуу суурилуулна. Жил бүр камерын ашиглалтын зардлыг орон нутагт энэ мөнгөнөөс нь олгоно.
Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн дарамт учруулах боломжгүй учраас торгуулийн орлогын 40 хувийнхаа 20 хувийг камерын арчлалт хамгаалалт, шинээр камер суурилуулахад зориулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.