“Оюутолгой” ХХК-аас халагдсан иргэдийн ӨЛСГӨЛӨН 2 дахь өдрөө үргэлжилж байна
Нэг л өдөр ажлаасаа халагдаж, төд удалгүй цар тахлын хатуу хөл хорионд орж, өрх бүлийнхээ амьжиргааг залгуулж хүчрэхгүйд хүрсэн Өмнөговийн ажилчид өчигдөр тэмцлийн шинэ шатаа эхлүүллээ.
Тэд Даланзадгад хотын төв талбайд цуглаж, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, тус аймаг дахь “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудаас дөрөвдүгээр сарын 5-нд өгсөн албан мэдэгдлийнхээ хариуг авах гэсэн боловч чадсангүй, цагдаа нарт саатуулагджээ.
Болж буй үйл явдлыг тодруулахад, 2021 оны хоёрдугаар сарын 28-нд “Оюутолгой” ХХК Хүдрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлтсийнхээ 22 хүнийг ажлаас гэнэт халсан юм. Тэд бол 2015 онд тус компаниас Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилд орсон хүмүүс байлаа.
“Оюутолгой” компани уурхайчдыг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдтэй нь хамт хуурчээ
Тэгэхдээ “Далан хэлтсийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх тендерт “Хишиг Арвин Индустриал” ХХК шалгарсан тул та нарыг ажлаас халах боллоо” гэсэн ганцхан шалтгаан дурджээ. Орон нутгийн иргэн гэдгийг нь ч харсангүй, олон жил ажилласан туршлага, ур чадварыг нь ч харгалзсангүй. Урт хугацаанд, 2033 он хүртэл мөрдөх учиртай Өмнөговь аймагтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээг ч тоосонгүй. Бүр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үл тоомсорлон ханджээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд зааснаар Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах болбол тэр тухайгаа 30-45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл ажлаас халах уурхайчдад ердөө 9 хоногийн өмнө л хэлсэн байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиас
40 дүгээр зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах
40.1. Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
40.1.1. Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
40.5. Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.
Халагдсан иргэд ажилдаа эргэж орохын тулд дэмжлэг хүсэж, 2021 оны гуравдугаар сарын 9-нд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандсан байна. Харамсалтай нь эрхэм гишүүд ч, аймгийн удирдлага ч хариу өгсөнгүй. Харин 2021 оны гуравдугаар сарын 23-нд өгсөн хүсэлтийнх нь хариуд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хоёр хоногийн дараа албан хариу ирүүлжээ. Тэр нь:
“Оюутолгой” ХХК-д
Эдгээр иргэд бүгдээрээ хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр ажилд орсон нь үнэн” гэсэн бүдэг бадаг, бүрхэг балархай хариу байв.
Халагдсан ажилчдыг гайхан, хүлээх зуур “Оюутолгой” компани Монгол Улсын хуулийг зөрчсөн үйлдлээ цайруулах алхмуудаа ичгүүр сонжуургүйгээр хийж байсныг баримт гэрчилнэ.
“Оюутолгой” ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Дэвид Мэйдор 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт 514 тоот албан бичиг ирүүлэхдээ “20 хүнийг ажилд авсан” гэсэн худлаа мэдээлэл өгсөн байна.
Иймд аргаа барсан ажилчид 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Оюутолгой” ХХК болон аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн шаардах бичиг хүргүүлжээ.
Түүний дараа л хууль зөрчсөн компаниуд болон орон нутгийн удирдлага сая хөдөлж, ажлаас халагдсан иргэдтэй уулзсан байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 7,8-нд болсон тэрхүү уулзалтад “Оюутолгой” компанийг төлөөлж, тус компанийн орон нутгийн харилцааны ерөнхий менежер н.Сугар, Ил уурхайн менежер н.Отгонбаяр, Хүний нөөцийн албаны ажилтан н.Отгончимэг, Хангамжийн хэлтсийн ажилтан, тус компанийн Даланзадгад сумыг хариуцсан менежер Д.Олжмэдэх, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийг төлөөлж, тус компанийн охин компани “Кэй Эй Рентал” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан оролцжээ.
Орон нутгийн талаас Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг төлөөлж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Дөлбаяр уулзжээ. Гурван цаг илүү үргэлжилсэн энэхүү уулзалт дээр оролцогч гурван тал дараах гурван тодорхой зарчим дээр харилцан тохиролцсон аж. Үүнд:
- Операторын ажлын байранд ажиллаж байсан орон нутгийн иргэдийг “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн үндсэн ажлын байранд ажиллуулах
- Хуучин авч байсан цалин хөлсний хэмжээтэй дүйцэхүйц байх
- Оюутолгойн уурхай дээр ажиллах ажлын байрны санал тавих.
Ийн тохиролцсон тухайгаа “Оюутолгой” компанийн орон нутгийн харилцааны ерөнхий менежер н.Сугар 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Дөлбаярт цахим шуудангаар мэдээлээд, “Бид гурван зүйл дээр тохиролцоод ажиллахаар болсон” гэсэн ойлголт өгсөн байна.
Хариуцлагатай албаны хүмүүсийн хэлсэн ярьсанд итгэсэн ажилчид өлсгөлөн зарлахаа больж, хатуу хөл хорионы үед гэртээ сууж байгаад 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд уурхайн ээлж солилцох үед л тэднийг хуурсныг мэджээ. Тэдэнтэй холбогдохоо амласан “Хишиг Арвин индустриал” ХХК хэл сураггүй байсан тул халагдсан ажилчид тийш залгахад тэднийг ажилд авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ тэд энэ хооронд зүгээр суугаад байсангүй. Халагдсан 22 ажилчнаас түүвэрлэн авч, голдуу хөдөө, суманд байгаа хүмүүс рүү ярьжээ. Ярианы утга нь “Бид ийм л цалин өгнө. Энэ цалинг зөвшөөр, энэ бол эцсийн боломж. Хэрвээ бидний саналыг зөвшөөрөхгүй гэвэл ахиж чам руу ярихгүй”. Нэг талаар дарамталсан, нөгөө талын хүнд хэцүү цар тахлын үед ажилгүй, орлогогүй болчих вий гэсэн айдас дээр нь дөрөөлсөн энэ яриа нь үр дүнгээ өгч, хэд хэдэн хүн тэдний тавьсан саналыг зөвшөөрсөн байна.
Уурхайчдын эрх ашгийг хамгаалах зорилготой геологи, уул уурхайн хөгжлийн “Тэмүүлэл холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангайтай холбогдвол “Халагдсан ажилчдаас заримыг нь эргүүлж авахдаа өмнөх цалинг нь 60 хувь бууруулсан мөртлөө хийдэг ажил, авдаг ачаалал нь яг хэвээрээ байгаа. Уурхайчдын эрх зөрчигдсөн асуудал байх л ёстой энгийн зүйл биш, бид хатуу шаардлага тавьж тэмцэх болно” гэлээ.
“Хишиг Арвин Индустриал”-ынхны тавьсан шударга бус саналыг зөвшөөрөөгүй эмэгтэйчүүд голдуу 8 ажилчин одоо тэмцлээ үргэлжлүүлж байна. Тэдний нэг Ж.Баяржаргал “Би оператор хийдэг. Долоон жил уурхайд ажиллаж байна. Бид үндсэн ажил мэргэжил дээр явдаг техникийн ажилчид болохоор ажил шигээ хатуу чанга, хаттай хүмүүс. Хэрийн юмыг тоодоггүй, хүнд бэрхээс халширдаггүй. Гэтэл Ажил олгогчдын энэ хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Тэмцэхээс аргагүй байдалд хүргэлээ” гэсэн. Монгол Улсад Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш уул уурхайн салбарын ажилчид маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Цаг үеийн нөхцөл байдал, хөл хорио, халдвар хамгааллын дэглэм зэргээс шалтгаалан 1-6 сар гэртээ харьж чадаагүй, уурхайчид цөөнгүй байна. Энэ нь уурхайчдын биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд ноцтой заналхийлж байна. Зөвхөн сүүлийн зургаан сард 4 уурхайчин ажлын байрандаа нас барсны гурав нь Өмнөговь аймгийн иргэн байгаа юм. Тэдний нэг болох талийгаач ….-н гэр бүлийн хүн аргагүйн эрхээр уурхайчдын тэмцэлд нэгджээ.
Аймгийн удирдлага болоод “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудын үл тоомсорлон хандаж байгаа энэ асуудлын цаана уул уурхайн салбарт ужгирсан олон асуудал босож болзошгүй байна.
Зах зухаас нь дурдахад,
- Олон сараар харьж чадахгүй ажиллаж байгаа уурхайчдын эрүүл мэнд, аюулгүй байдал
- Үндсэн ажилтан ба туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдын цалингийн эрс зөрүү, хөдөлмөрийн мөлжлөг
- Цалин хөлсөө цагтаа тавьдаггүй, татвар, нийгмийн даатгалаа төлөхгүй хууль зөрчиж, ажилчдыг хохироож байгаа уурхай, компаниудын асуудал
- Ажлын байран дахь ялгаварлан гадуурхал, бэлгийн дарамт, биеийн болон сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл
- Гэр бүлийн үнэ цэн, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа 14/7 ростерийн асуудал
- Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа гадаад, дотоодын ажил олгогчдын хууль бус үйлдэл… бялтыг нь мултлахад тэсрэх олон асуудал шил шилээ даран зогсож буй
Хамгийн ноцтой нь лиценз, зөвшөөрөл авахдаа орон нутагтай гэрээ байгуулж, тохирчихоод эргээд үүргээсээ буцаж, “Тендер зарласан” нэрийн дор нутгийн иргэдийг хоморголон хэлмэгдүүлдэг, Монгол Улсын хууль, төр, засгийн байгууллагуудыг үл тоомсорлон, хүссэнээрээ хуурдаг зүй бус байдал хавтгайрч болзошгүй байгааг “Оюутолгой” ХХК, “Хишиг Арвин Индустриал” компани тойрсон энэ асуудал харуулна.
Өчигдөр дугаар шилжихийн өмнө авсан мэдээллээр ажлаасаа халагдсан ажилчдыг цагдаагийн албан хаагчид түр саатуулж, шууд дамжуулж байсан гар утсыг нь булаан авч, бичлэгийг нь устган, шаардах бичгийг нь хураасан байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН