Г.Цогзолмаа: Манай улсад Энэтхэг, Англи улсад бүртгэгдсэнтэй адил мутаци тархаж байна
ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа мутацилагдсан вирусийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторийн гурван эрдэмтэн Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очин, манай оронд тархаж буй коронавирусийн хувилбаруудыг судлаад ирсэн. Ингэхдээ цаг хугацааны хувьд өөр, өөр сорьцуудаг авч явсан. Анх манайд Уханьд тархсан вирустэй адилхан коронавирус тархаж байсан нь тогтоогдсон. Харин одоогийн нөхцөл байдлын хувьд B1.1.46 хувилбар нь манай оронд өргөн тархаад байна. Энэ нь тархалтыг ихэсгэдэг, эмнэлзүйг хүндрүүлдэг мутацийг агуулдаг. B.1.1.46 хувилбар нь одоогоор Энэтхэг, Англи, Австрали зэрэг орнуудад бүртгэгдсэн, дэлхий нийтэд тархалт багатай хувилбар юм. Вакцины нөлөөг бууруулдаг мутаци манайд одоогоор илрээгүй байна” гэсэн юм.