“2021-2022 онд багтаж явган хүний 98 км, дугуйн 200 км замыг тавина”
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдлыг танилцууллаа.
Тэрээр “Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт.
Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна. Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.
Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. 1 км замыг дунджаар 10 минутад туулж байна. 2021-2022 онд багтаж явган хүний 98 км, дугуйн 200 км замыг тавина.
Түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг буюу LRT тавих нь зүйтэй. Энэ нь цагт 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Үүний 17 км нь газар дээр, 6.9 км нь газар доор байрлахаар төлөвлөж байна.
2021-2024 онуудад автобусны 80 хувь нь хэрэглээнээс хасагдана. 290 автобусны буудлыг шинэчилнэ. 5000 автомашины ухаалах зогсоол байгуулахаар төлөвлөж байна” гэв.