Дөнгөж төрсөн эмэгтэйчүүдийг даатгалаар сувилалд явуулах санал гарлаа
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байна. Манай улсын хувьд төрөөс сүүлийн 30 жилийн хугацаанд хүн ам зүйн асуудлаар ямар нэгэн бодлого гарч байгаагүй. 30 жилийн дараа хүн ам зүйн талаар баримтлах төрийн цогц бодлого шийдлийг өргөн барьж байна. Монголчууд малынхаа удмын санг хамгаалах талаар их ярьдаг. Гэтэл хүн амын удмын сангийн асуудлыг орхигдуулсан.
Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалснаар хүний болон улс орныхоо хөгжлийг давхар тэтгэх бодлогыг хамтад нь өргөн барьж байна гэж ойлгож болно. Удмын сангийн асуудал нь хамгийн ихээр анхаарал хандуулах ёстой зүйл” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Уг тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Гэр бүлийн эдийн засгийн баталгааг бий болгох нь илүү чухал байна. Тиймээс Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад орон сууцны урьдчилгааг төрөөс төлөх заалтыг оруулсан. Бидний тооцооллоор 3,600 орчим өрх байна. Эдгээр өрхөд 20-30 саяын урьдчилгааг өгөх боломжийг Засгийн газар судалж, тодорхой хөтөлбөр боловсруулж оруулж ирээсэй хэмээн хүсэж, хуулийн заалтыг оруулсан.
Эхийг жирэмсэн болсноос нь эхлээд эрүүл мэндийн хяналтад байлгах, төрснийх нь дараа 7-14 хоногийн хугацаанд даатгалаар асаргаа сувилгаанд хамруулахыг төр болон хувийн хэвшлийн хүрээнд хийх асуудлыг судалж, оруулж ирээч гэсэн заалтыг мөн санал болгож байна.
Төвлөрлийг зүй зохистой хийж ирсэн туршлага бий. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн иргэдээ эх оронд нь урьж ажиллуулах, 2021-2025 он буюу таван жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг зөв зүйтэй хийх бодлого гаргах зүйлийг төсөлд тусгаад байна” гэжээ.