Н.Алтанхуяг: Хуульч бэлтгэх орой, эчнээ ангиудыг устгах хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах эсэхийг хэлэлцэв. Гишүүд асуулт асууж, үг хэлж, хэлэлцүүлэг өндөрлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахад “ээдрээтэй” асуудал үүсжээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс цөөнгүй шүүмжлэл гарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хуульч бэлтгэх орой, эчнээ ангийг устгах хэрэгтэй. Хуульч болох гээд хошуураад байгаа хүмүүст чанаргүй боловсрол эзэмшүүлдэг явдлаа болимоор байна. Хүний хувь заяа шийддэг мэргэжил шүү дээ. Бакалавр суурьтай хүмүүсийг хуульчаар бэлтгэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад нийт 63 гишүүн оролцсоноос 22 нь дэмжиж, 41 нь татгалзав. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Гэтэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал хураах программд өөрчлөлт орсныг зарим гишүүн мэдээгүй учир санал нь эсрэг гарсан. Тиймээс өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулж өгнө үү гэдэг горимын санал гаргав.
Ийнхүү нийт гурван удаагийн санал хураалтын дүнгээр хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан тул техникийн саатал гарсан гэдэг үндэслэлээр чуулганы нэгдсэн хуралдааныг тодорхойгүй хугацаагаар завсарлууллаа.