Ирэх бямба гарагт зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ ирэх Бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно.
Энэ хүрээнд хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл ажлыг хангажээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл хийлээ.
УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээгээр урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ойн бүс, зуслан чиглэлийн хог хаягдлыг цэвэрлэнэ. Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний мэргэжлийн 21 байгууллага, “Шинэ тосгон” төрийн бус байгууллага бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.
Их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Түвшин сайхан төв” ТББ иргэдээс хоёрдогч түүхий эд авах ажлыг явуулын болон тодорхой байршлуудад хийхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас 32 морьтой эргүүл гарч, хяналт тавин, мэдээллээр хангаж ажиллана. Ингэхдээ зуслангийн бүс буюу Баруун салаа, Зүүн салаа, Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг Их Баян, Цолмонгийн ам, Туулайн ам, Чингэлтэй дүүрэг 17, 18 дүгээр хороо Зүрх уул, Залаатын ам, Баянзүрх дүүрэг Шар хоолойн гол зэрэг байршилд хяналт тавих аж.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эх Сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба