Баянзүрх эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч нар “дарга одон авсан” хэмээн ажлын байран дээрээ АРХИДЖЭЭ
Хүн амын нягтарширлаараа хоёрт ордог Баянзүрх дүүрэг хувьд шилжсэн ганц эмнэлэгтэй. Хэдийгээр тус дүүргийн иргэд эрүүл мэндийн даатгалаараа хэвтэн эмчлүүлдэг ч төлбөртэй өрөөнүүддээ өөр дүүргийн иргэдийг ч хүлээн авдаг.
Хувийн хэвшилд шилжээд олон жил болж байгаа Баянзүрх эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ доголдож, ажлын байран дээрээ архидан согтуурсан асуудал гарчээ. Энэ талаар манай редакцид хэвтэн эмчлүүлж буй иргэдээс мэдээлэл ирсэн юм.
Тодруулбал нэгэн иргэнийг 5 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд хоёр удаа ажлын байран дээрээ архидан согтуурч, хэвтэн эмчлүүлэгсдийн хонгилоор согтуу эмч нар үс гэзэг нь сэгсийж, нэгнээ чирч гулдран явж байхыг нүдээрээ харжээ.
Тухайн архидалт болсон өдөр гаднаас ирсэн мэс заслын сувилагч нь тариагаа хийж чадахгүй андуурч будилж, эмчлүүлэгсэд “эрүүл хүнээр тариагаа хийлгэнэ, тариулахгүй” гэж эсэргүүцжээ.Үүний хариуд “Томчууд л уусан,бид нар уугаагүй, итгэхгүй бол үнэрлээд үз. Манай дарга одон аваад” гэх зэргээр тайлбар тавьсан байна.
Архидалт болсон өдрүүдэд цэцэг, пизза хүргэлт ирж байгаа нь хэвтэн эмчлүүлэгсдийн цонхоор ил тод харагдаж, эмч нарынхаа өрөөнд бөөнөөрөө цуглан хаалгаа түгжиж байгаад найрлажээ.Түүнчлэн хэвтэх өдрөө өгсөн шинжилгээний хариугаа өгөхгүй, бичиж өгсөн эмээ олгохгүй, тариагаа цагтаа хийхгүй, эмнэлгээс гарах өдөр нь дахин шинжилгээ авах зэргээр эмчилгээ, үйлчилгээ доголдсон байна. “Эмнэлгийн энэхүү цалгар назгай, ёсзүйгүй байдлыг хаана, хэнд хандаж хэлэх вэ” гэсээр бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм.
Бид уг асуудлаар БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн захиргаатай утсаар холбогдож тодруулахад “Эмчилгээ үйлчилгээ доголдоогүй, манай эмч нар хийх ёстой ажлаа хийгээд байж байна. Манай эмч нараас төрийн одон медаль авсан нь үнэн” гээд асуултад хариулахаас уцаарлан утсаа тасалж орхив.
Тангараг өргөсөн эмч нар ажлын байран дээрээ өвчтөнүүдийнхээ дунд шагнал тэмдэглэж, наргиж цэнгэх нь байж боломгүй үзэгдэл. Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар уг асуудлыг анхааралдаа авч, хариуцлага тооцон эмчилгээний чанарт анхаарахыг эмчлүүлэгсэдийн зүгээс шаардаж байна.
ivoice.mn