ТикТок-ыг үүсгэн байгуулагч Зань Иминь үүрэгт ажлаасаа огцорлоо
Дэлхий даяар тэрбум орчим хэрэглэгчтэй TikTok сошиал платформыг эзэмшдэг Bytedance компанийн үүсгэн байгуулагч 38 настай тэрбумтан Зань Иминь албан тушаалаасаа огцрох болсноо өчигдөр зарлажээ. Ингэснээр тэрээр Хятад улсын хувьд ихээхэн амжилттай яваа бизнесээ орхисон хамгийн залуухан тэрбумтан болж байна.
Bytedance компани нь ТикТок аппликэйшнийг 100 хувь эзэмшдэг бөгөөд Америкын компаниудад зарах төлөвлөгөөтэй байгаагаа өмнө нь цухас дурдаж байжээ. Уг бичлэг цацах зориулалттай платформ нь дэлхий даяар нийт 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй ба анхны үнэ нь 1 тэрбум доллар байна гэж тогтоогоод байсан юм.
Зань Иминь албан тушаалаасаа огцрох болсон шалтгаанаа захиан дээр бичин үлдээж, компанийнх нь албан ёсны цахим хуудас уг захиаг олон нийтэд түгээн нийтлэжээ.
Тэрээр захиандаа “Би өнгөрсөн нэг жилийн турш хэрхэн урт удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, одоо байгаагаасаа илүүг бүтээх вэ гэж их бодсон. Харин сүүлийн хэдэн сар хариултыг нь олчихсон атлаа зөв эсхүл бурууг нь мэдэлгүй бас удаан бодлоо. Гэвч цаашдаа үүнээс илүү, үүнээс амар амгалан бас ихийг хийж бүтээж, амьдралаа төвхнүүлэхийн тулд яг одоо гарт минь байгаа зүйлсийг орхих хэрэгтэйгээ ухаарсан юм.” хэмээн бичжээ.
Улмаар нийгмийн сүлжээ, олон нийтийн харилцаа, массын хандлага чиглэлийг ойлгохдоо маруухан гэдгээ ч захиандаа тусгасан бөгөөд өөрийгөө энэ чиглэлээр сайн ажиллах төрлийн хүн биш хэмээн үзсэн гэнэ.
Зань Иминий хөрөнгийн хэмжээг $36 тэрбум гэж тооцоолсон ба ByteDance компани дэлхийн 30 улсад 60,000 гаруй ажилтантай юм.
Эх Сурвалж: www.edition.cn.com