Н.Энхбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулга биднээс илүү нөлөөтэй юм байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 100 жилийн түүхтэй намаа татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өглөө. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өнөөдөр бид Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн.

Мөн өнөөгийн удирдлага бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа.

Намд том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно” гэлээ.

Тэрээр мэдэгдэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн МАН-тай нэгдэх шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэж нэгдэж байгаа юм. С.Ганбаатар гишүүн намын дэд даргаар ажиллаж байхад нь энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, зөвлөлдөж байсан. С.Ганбаатар МАХН-д ороход тодорхой асуудал байна. Та бидний эвсэлдээ үлдэх нь зүйтэй гэж бодож байна гэсэн.

Тухайн үед би С.Ганбаатар гишүүнд нэг, хоёр хүнийг муулахгүй тогтолцоог засч ажиллая, нэг ордын тухай ярих биш нийт байгалийн баялагийн тухай ярилцая гэж санал тавихад тухайн үед хэлж ярилцсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга манай С.Ганбаатарт биднээс илүү нөлөөтэй юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зохион байгуулсан АН-д элсч, Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн.

-МАН-тай нэгдэж байгаа нэг шалтгаан нь 2021 оны нөхөн сонгуульд хүү Н.Батшугарыг нэр дэвшүүлэх  мөн үү? 

-Нөхөн сонгуульд хэн дэвшихийг бид хэлж мэдэхгүй байна.  Нөхөн сонгууль болох үед МАН-ын нөхдүүдтэй ярилцаж, хамгийн өндөр ялах магадлалтай хүмүүсийг дэвшүүлнэ. Тэр хүмүүсийн дунд манай хүү орох орохгүй жич асуудал. Миний хүү учраас хаалгаар нэр дэвшинэ гэж байхгүй, эсвэл Н.Энхбаярын хүү учир нэр дэвшүүлэхгүй гэж болохгүй. Хэн ч нэр дэвшсэн бид дэмжээд явна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments