ЭМГЭНЭЛ: Зураач Ж.Гэрэл таалал төгсчээ
Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач Жиндийн Гэрэл 2021 оны 05 сарын 22-ний өдөр таалал төгсч, Монголын Дүрслэх Урлагийн салбарт хүнд гарз тохиолоо. Тэрээр 1963 онд төрсөн. 1986 он Дүрслэх Урлагийн Дунд сургууль улмаар 1998 он Нидeрландын Уран зургийн акадeми төгссөн бөгөөд төгссөн жилээ Амстердамд болсон олон улсын уран зургийн үзэсгэлэнд бүтээлүүдээрээ оролцож Монгол зураачийн өнцөг, сэтгэлгээ, өнгө, зураасны таталт уран чадвараараа олны анхаарлыг машид их татаж өөрийн сэтгэлгээний өвөрмөц шийдлийг таниулсан байдаг.
2007 онд МУЭ-ийн шагналт зураач 2002 онд “Найзууд” бие даасан үзэсгэлэн 2012 “Далд амьдрал-2” бие даасан үзэсгэлэн Мөн Европ, АНУ-ын олон хотуудад үзэсгэлэнгээ дэлгэж байсан бөгөөд Нью-Йоркт төвтэй “The Brooklyn rail” урлаг шүүмжлэгчдийн сэтгүүлийн 2009 оны дугаарт урлаг шүүмжлэгч Эллен Пөрлмений бичсэн “Улаанбаатараас ирсэн захидал” (Letter from Ulaanbaatar) өгүүлэлд “Тэр бол Монголын өнөө цагийн уран зургийн ертөнцийн ГЭРЭЛ” хэмээн Ж.Гэрэлийг тодотгожээ.
“Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн. Эрх чөлөөгүй нөхцөлд урлаг, уран бүтээл төрөх хэцүү”гэж хэлсэн тэрээр өөрийгөө дүгнэн хэлсэн байдаг.Ж. Гэрэл нь орчин цагийн Монголын Дүрслэх урлагийн төлөөл, залуу хойч үеийн уран бүтээлчдийн бахархал үлгэрлэл болсон эрхэм хүндэт уран бүтээлчдийн нэг байлаа.Таны минь эрдэм чадал уран бүтээлийн өвөрмөц шийдэл, хөдөлмөрч нөхөрсөг, хүнлэг зөөлөн дүр төрх тань Монголын нийт уран бүтээлч бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС:
Эх сурвалж: Монголын Урчуудын Эвлэл