Бизнесийн ёс зүйн төв нээгдлээ
“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн нээлт боллоо.
Төслийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь хамтран хэрэгжүүлэх бөгөөд бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэн ажиллах юм.
Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв байх бөгөөд хамтрагч талууд төслийн гэрээг ёсчлон баталж, төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээ зарлалаа.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од, гүйцэтгэх захирал О.Батбаяр нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдын зочид төлөөлөгчид оролцож, нээлттэй санал бодлоо солилцлоо.
Авлигын эсрэг, ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлийн талаарх бизнесийнхний ойлголт, мэдээллийг бататгаж, хэрэглэгч төвтэй, практикт суурилсан үйлчилгээг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гишүүн байгууллагууддаа үзүүлэх юм.
Энэхүү төслийн хүрээнд дараах бүлэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах, түүнийг таньж мэдэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрлийн ажлыг зохион байгуулах
- Бизнесийн орчин дахь авлига, түүнийг бууруулах болон бизнесийн ёс зүйн асуудлаарх хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулах
- Бизнесийн байгууллагууд ёс зүйн дүрмээ боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн сургалт тогтмол зохион байгуулах
- Өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тулгамддаг ёс зүйн хоёрдмол байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, ном, товхимол, стандартууд болон дотоод, гадаадын авлигын эсрэг хууль тогтоомж, судалгаанууд бүхий цахим номын сан байгуулах зэрэг ажлууд багтаж байна.