Агаарын дүүжин тээвэр унаж, 14 хүн амиа алджээ
Өнгөрөгч ням гарагт Италийн хойд хэсэгт орших Маггиор Нуурын ойролцоох ууланд агаарын дүүжин машин унаж, 14 хүн амь насаа алджээ. Амь үрэгдэгсдийн дунд хүүхдүүд байсан нь олны сэтгэлийг эмзэглүүлж байна.
Ослоос амьд үлдсэн 2 хүүхэд маш хүндээр гэмтэж, 9 настай нь ням гарагийн орой нас барж, 5 настай хүүгийн биеийн байдал тун тааруу Турин эмнэлэгт эмчлүүлж байна. Амьд үлдсэн хоёр хүүхэд Израил улсын иргэн байсан аж.
Ослын талаарх мэдээ ням гарагийн үдээс хойш ирсэн бөгөөд аврах баг очих үед зорчигчдын ихэнх нь газар дээрээ нас барсан байжээ. Улмаар аврах ажиллагааг эхлүүлж, цогцосыг цуглуулах үед амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсэн байна.
Ослын шалтгаан юу байв?
Орон нутгийн цагаар 12 цагийн орчимд 300 метр шахам урттай троссоор дамжин өнгөрдөг дүүжин тэрэг 20 метрийн өндрөөс Маггиар уулын орой хавьд унажээ. Аврах ажилтны хэлснээр дүүжин тэрэг тэр чигтээ хумигдан үрчийсэн цаас шиг болсон байж. Эндээс харахад осолдсон дүүжин тэрэг уулын уруу руу олон метр өнхөрсөн бололтой.
Цогцоснууд тал тал тийшээ тарсан байдалтай нүд халтирам дүр зурагтай байжээ. Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй тул аврах ажилтнууд одоо ч ажиллагаагаа явуулсаар байна.
Уг ослын тухай Италийн Ерөнхий Сайд Марио Драги “Амь үрэгдэгсэд, хүнд гэмтсэн хүүхдийн гэр бүлд онцгой анхаарч, Засгийн газрын зүгээс хангалттай нөхөн төлбөр өгөхийг мэдэгдэж байна. Маш харамсалтай осол боллоо” хэмээжээ.
Агаарын тэрэгт асуудал байв уу?
Уг агаарын тээвэр анх 1970 онд ашиглалтад орсон, 2014-2016 оны хооронд засвар шинэчлэл хийгдэж, аюулгүй байдлыг нь чангатгасан байна. Далайн дээгүүр явахдаа газрын гадаргуугаас 1491 метрийн өндөрт, 20 минутын хугацаанд туулдаг аж.
Ойр хавьд байсан гэрчүүдийн хэлснээр тэрэг унахаас өмнө маш чанга исгэрэх мэт чимээ гарчээ. Үүнээс үзвэл троссон утас илэгдэж, хэтэрхий иртэй болсноос тэрэгний дүүжин цагирга зүсэгдэж гэмтсэн байж болзошгүй байна.
Эх Сурвалж: www.bbc.com